Эрхтэн шилжүүлэх мэс заслыг үе шаттайгаар эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхийг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-11-21 17:38:44

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт ажиллаж, эрүүл мэндийн даатгалаар санхүүждэг эмнэлгийн тусламж, үйлчилгээнд тулгамдаж байгаа асуудлын талаар тус эмнэлгийн удирдлагуудтай санал солилцлоо.

Мөн уулзалтын өмнө сайд нар тус эмнэлэгт үйлчлүүлж буй иргэдийн саналыг сонсч, шаардлагатай эмчилгээг нь хүлээгдэл, чирэгдэлгүй хийж өгөхийг холбогдох эмч нарт нь даалгав.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг салбарын бодлого нь даатгалтайгаа уялдаж явах нь зайлшгүй. Эрүүл мэндийн даатгалын тодорхой хувийг салбарын ажилчдын цалин хөлс, урамшуулал, бүтэц орон тооны асуудлыг шийдвэрлэх, нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн зардлыг санхүүжүүлдэг байх нь зүйтэй юм гэв.

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог оновчтой болгох нийгмийн эрэлт хэрэгцээ их байна. Тиймээс ч энэ талд гол анхаарлаа хандуулж Эрүүл мэндийн сайдтай хамтран ажиллахаар ярьж, уулзаж байна. Бүтээмж өндөртэй илүү цагаар ажиллаж байгаа хүмүүс цалин багатай ажиллаж буй нь шийдвэрлэх ёстой асуудал гэв.

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал Б.Бямбадорж эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авахад тулгардаг асуудлуудын талаар мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, Иргэдийн иргэний бүртгэлийн мэдээлэл алдаатай, тоо, үсэг зөрснөөс болж бид хийсэн эмчилгээний хөлсөө авч чадахгүйд хүрдэг. Давтан хагалгаанд орж байгаа хүмүүст даатгалаас санхүүжилт өгдөггүй, даатгалд хамраагүй хүмүүс ч хавдартай гээд ирж байна зэрэг асуудал тулгардаг талаар сайд нарт дуулгалаа.

Харин эмч нарын зүгээс 1990 оноос хойш технологийн шинэчлэл  хийж үйлчилгээ өргөжсөн хэдий ч орон тоо нэмэгдээгүй, эрхтэн шилжүүлэх мэс заслыг үе шаттайгаар эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг болох, хагалгаа нээлттэй хийх, дурангаар хийхэд төлбөрийн хувьд ялгаатай байх, жил бүр бодит өртгийг тооцдог байх, олон улсын жишгийн дагуу нэг болон хоёрдугаар шатлалд оношилж, эмчилдэг өвчнийг гуравдугаар шатлалд хийлгэвэл хувь хүнээс тодорхой төлбөр авдаг байх зэрэг санал хэлэв.

Ж.Болор

Холбоотой мэдээ