Нохойтой чарганы уралдаанд уулчин бүсгүй оролцохоор өрсөлдөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬШведийн аяллын хувцас үйлдвэрлэдэг компаниас жил бүр зохион байгуулдаг нохойтой чарганы 16 дахь уралдаанд Өмнөговь аймгийн иргэн, уулчин бүсгүй Д.Эрдэнэтогтох эх орноо төлөөлөн оролцохоор өрсөлдөж байна.
Тэрээр тус тэмцээний бусад төрөл гэсэн ангиллын онлайн шалгаруулалтад урьдчилсан дүнгээр нэгдүгээр байранд ороод байгаа юм.
Тус тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс 18 нас хүрсэн бүх хүн оролцох боломжтой бөгөөд тэмцээнд оролцох хүсэлтэй хүмүүс өөрийн танилцуулгаа тус компани руу онлайнаар явуулдаг байна. Ингээд дэлхийн 260 гаруй орноос 12 орны иргэн өөрийн улсын нэр дээр бие даан оролцох эрхийг авч, үлдсэн 240 гаруй улсын оролцогчдод бусад гэсэн ангилалд онлайнаар өрсөлдөн нэг нь л уралдаанд оролцох боломжийг тухайн компаниас олгодог ажээ. Уг онлайн шалгаруулалт 12 дугаар сарын 15-нд дуусах юм байна.
Д.Эрдэнэтогтох нь удам дамжсан уулчин бүсгүй юм. Тэрээр дунд сургуулийн сурагч байхдаа аавыгаа дагаж уулын спортод орсон бөгөөд дэлхийн уулчдын гарахыг хүсдэг 7 оргилын 6-д нь гарчээ.
Д.Мишигсүрэн