“Рэйлбус “ галт тэрэгний үнэ 35 хувиар буурлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-24 15:54:39

Улаанбаатар хотоос Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Мандал сумын чиглэлд үйлчилгээ үзүүлдэг төмөр замын “Рэйлбус “ галт тэрэгний үнэ 35 хувиар буурчээ.

Энэхүү “Рэйлбус” гал тэрэгний үнэ цаг уурын онцгой үзэгдэл, хүйтрэлтэй холбоотойгоор ийнхүү буурчээ. Энэ сарын 17-ны өдрөөс эхэлсэн энэхүү хөнгөлөлттэй үйлчилгээ ирэх 12-р сарын 1-ний өдрийг дуустал үргэлжлэх юм байна. Тухайлбал Улаанбаатар хотоос Мандал сум хүртэл том хүн 12300 төгрөгөөр зорчдог байсан бол энэхүү хөнгөлттэй үнийн тарифаар 8000 төгрөг болж хямдарсан байна. Түүнчлэн Зүүнхараа-Дархан чиглэлд том хүн 6900, хүүхэд 3200, Зүүнхараа-Түнхэл том хүн 4700, хүүхэд 2000, Зүүнхараа-Мандал том хүн 5500, хүүхэд 2100, Зүүнхараа- Рашаант том хүн 7100, хүүхэд 3400, Зүүнхараа-Толгойт том хүн 8000, хүүхэд 3500, Зүүнхараа-Улаанбаатар том хүн 8000, хүүхэд 3500 төгрөг болон хямдарчээ.

Энэхүү үйлчилгээнийхээ талаар Зүүнхараа төмөр замын хариуцлагатай ажил эрхэлсэн орлогч дарга Б.Анхбаяр:”Улс орны хэмжээнд цаг уурын нөхцөл байдал хүндэрч, цас их унасантай холбоотойгоор манай төмөр замын байгууллагаас зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс уян хатан бодлого барьж, үнэ тарифаа ингэж хямдруулаад байна. Ирэх сарын 1-ний өдрийг дуустал үргэлжлэн явагдана. Цаашид цаг үеийн байдлаас шалтгаалан үргэлжлэх үү, үгүй юу гэсэн шийдвэрээ гаргах байх. Энэ хямдрал эхэлсэн өдрөөс өнөөг хүртэл Улаанбаатар, Дарханы чиглэлд явах зорчигчдын урсгал 40 орчим хувиар нэмэгдсэн” хэмээн ярилаа.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ