Шөнийн эргүүлд олон нийт оролцож эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-30 10:52:01

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын захирамжийн биелэлтийг ханган ажиллах “Нийтийн эргүүл”-ийн салхийг 1-р багийн иргэд хагаллаа.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд үйл ажиллагаагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг хуваарийн дагуу "Нийтийн эргүүл"-д ажиллуулах ажил энэ сарын 28-ны өдрөөс эхэллээ.

Аймгийн Цагдаагийн газраас санаачлан зохион байгуулж буй "Нийтийн эргүүл"-ийг ажиллуулах ажлын анхны гараанд Сүхбаатар сумын 1-р багийн иргэд, сумын ЗДТГ-ын алба хаагчид оролцлоо. Цагдаагийнхан “Амар тайван амьдралын төлөө” гэсэн эрхэм зорилгоо хүндэтгэн биелүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулах ажлаа ийнхүү идэвхжүүлжээ. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг дан ганц Цагдаагийн байгууллагад хариуцуулан өгдөг ажил ард хоцорч, олон нийтээрээ хамтран зүтгэх болсныг иргэд таатай хүлээн авч байгаа аж. Энэ ч утгаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Сүхбаатар сумын Засаг даргын зүгээс 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр "Нийтийн эргүүл ажиллуулах тухай" А/161 тоот захирамжаа гаргасан байна. Энэхүү нийтийн эргүүлүүд шөнийн цагаар ажиллах юм байна.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ