Завханы хүнс үйлдвэрлэгчид 10 жилийн дараа зөвлөлдлөө

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2016-12-01 02:06:38

Завхан аймагт хүнс үйлдвэрлэгчдийн зөвлөлгөөн боллоо.

Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг ”Хэрэглэгчийн жил” болгон зарласан. Мөн Монгол улсад Үндэсний худалдааны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой, Олон улсын тогооч нарын өдөр, Монгол Улсад мастер тогооч цол олгож эхэлсэний 50 жилийн ой, “Хэрэглэгчээ дээдэлсэн Монгол тогооч” аяны хүрээнд Завхан аймгийн ЗДТГ, аймгийн МХГ, аймгийн тогоочдын холбоо хамтран мэргэжлийн боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, орчин үеийн хоол үйлдвэрлэлийн болон үйлчилгээний арга технологиос харилцан туршлага судлах, иргэдэд эрүүл орчинд эрүүл хоол хүнсээр үйлчлэх чадавхийг бүрдүүлэх зорилгоор аймгийн хүнс үйлдвэрлэгчдийн  зөвлөгөөнийг 10 жилийн дараа ахин зохион байгууллаа. Завхан аймгийн хүнс үйлдвэрлэгчдийн анхны зөвлөлгөөн 2006 онд зохион байгуулагдаж байсан байна. Зөвлөгөөнд аймгийн хэмжээнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт үйл ажиллагаагаа явуулж буй тогооч, талх, нарийн боов үйлдвэрлэгч  300 орчим төлөөлөгч оролцож салбарынхаа хөгжил дэвшил хэтийн төлөвийн талаар нээлттэй ярилцжээ. Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Засаг даргын орлогч Б.Ариунаа, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Саранчимэг, МХГ-ын дарга П.Батсайхан, Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга Г.Цэцэгээ болон бусад албаны хүмүүс урилгаар оролцож төрөөс энэ салбарт баримталж байгаа бодлого шийдвэрүүдийн талаар мэдээлэл өглөө. 

Тахин шүтдэг шүтээнээ зооглох хайран байв

Аймгийн хүнс үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилсэн бөгөөд хүнс үйлдвэрлэгчдийн “Ур чадвар-2016” аймгийн аварга шалгаруулах тэмцээн, бүтээлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.

Ур чадвар 2016 уралдаанд нийтдээ 120 гаруй тогооч оролцож мэдлэг, ур чадвараа шалгаруулахаар өрсөлдлөө. Шүүгчдийн оноож өгсөн цагт зууш, салат, нэг болон хоёрдугаар хоол бэлтгэн уралдсан юм.

Аймгийн 24  сумыг төлөөлөн ирсэн хүнс үйлдвэрлэгчид өөрсдийн брэнд бүтээгдэхүүнүүддээ шинэлэг санааг тусган төрөл бүрийн бүтээлүүд урласнаа олон нийтэд дэлгэн харуулж үзэсгэлэн худалдааг нэг өдөр зохион байгууллаа.  Хоол гэдэг хүний биед ашиг тустай, шим тэжээлтэй байхаас гадна өнгө үзэмж сайтай, идэх хүсэл төрүүлэхүйц байх ёстойг энэхүү үзэсгэлэн худалдаанаас Улиастайчууд харжээ. Тодруулбал энд үхрийн хэлээр хийсэн эвийн хоёр загас, хонины гүзээнд битүү болгосон таван цул, толгой шийр, үхрийн шарсан тагалцагаар хийсэн бадамлянхуа цэцэг, үхрийн шарсан өвчүүгээр хийсэн сүлд мод, хонины чанасан гуяаар хийсэн Отгонтэнгэр хайрхан гэхчлэн 100 гаруй төрлийн бүтээгдэхүүн дэлгэгджээ.

Энэхүү бүтээлүүдээс Завханмандал сум, Улиастай сумын Алтан ресторан, Улиастай ресторан, Баруун бүсийн худалдааны төвийн тогоочдын багийн бүтээлүүд эхний байруудыг эзэлжээ. Бүтээлүүдээс хамгийн сайхан бөгөөд хүндлэм, идэхэд хайран нэг бүтээлийг тодруулсан нь хонины гуяаар хийсэн Монголчуудын шүтээн Богд Очирваань хайрхан бүтээл байв. Энэхүү бүтээлийг Улиастай сумын тогооч Л.Пүрэвсүрэн хийжээ.

Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ