ӨВӨРХАНГАЙ: Бат-Өлзий суманд 30 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумыг “Сумын хөгжил-инженерийн дэд бүтцийн хангамж” төсөлд хамруулж, төвлөрсөн шугамд холбосноор барилгын олон бүтээн байгуулалт өрнөж байна.
Өнгөрсөн амралтын өдрөөр суманд анхны 30 айлын орон сууц ашиглалтад орж, улсын комисс хүлээн авлаа. “Хүрхрээ таун” орон сууцны цогцолбор хороолол барих төслийн гүйцэтгэгчээр “Дуутын нуруу” ХХК ажиллаж, эхний ээлжид таван давхар 30 айлын орон сууцыг есөн сарын хугацаанд барьж дуусгажээ.
Аймгийн төвөөс 140 км зайд оршдог тус сумын хүн ам 8 мянга давсан бөгөөд орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн тохилог орон сууцанд амьдрах боломж бүрдэж байна. Мөн Хужирт сум, цаашлаад Хархорин, Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбогдсон нь Бат-Өлзий сумын хөгжлийг хурдасгах нэг алхам болсон гэдгийг иргэд хэлж байлаа.