ӨМНӨГОВЬ: Галбын улаан үүлдрийг 2016 онд баталгаажуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн хэмжээнд галбын улаан, ханын хүрэн гэсэн хоёр үүлдрийн тэмээн сүргийг өсгөн үржүүлж байна.
Галбын улаан
үүлдрийн цөм тэмээн сүргийг Монгол Улсын хамгийн олон тэмээтэй Ханбогд сум өсгөн үржүүлж 2016 онд үүлдрийг албан ёсоор
баталгаажуулсан байна.
Үүлдрийн гол онцлог шинж нь өргөн тавиу цээж хэвлий, матаас сайтай хавирга, урт уужим ташаа, хондлой, бахим бүдүүн борви, богиновтор бадриун мөчтэй, махлаг чийрэг нягт хэвшилтэй, бие томтой амьдын жингээр бусад үүлдрээс илүү байдгаараа онцлог. Зүсний хувьд улаан хүрэн бор 66.7 хувь, шар болон бусад өнгө 33.3 хувийг эзэлдэг бөгөөд 5000 орчим толгой байна.
Галбын улаан үүлдрийн тэмээн сүргийг говийн хатуу ширүүн цаг уурт дасан зохицсон, уналга эдэлгээнд урт хугацаанд ашиглах боломжтой үндэсний үнэт баялаг, генетикийн нөөцийн хувьд ховордож буй тул хамгаалалтад авах шаардлагатай хэмээн тэмээ судлаачид онцолжээ.