НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн олон улсын зөвлөх Пол ван Хүүфийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-10-13 18:33:35

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн үндэсний захирал Б.Болдбаатар нар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн олон улсын зөвлөх Пол Ван Хүүфийг өнөөдөр /2015.10.13/ хүлээн авч уулзав.

Байнгын хорооны дарга А.Бакей ноён Пол ван Хүүфийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төсөл амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглэн хэллээ. Мөн энэхүү төсөл нь агуулга, ач холбогдлын хувьд өндөр гэдгийг онцлон тэмдэглээд богино хугацаанд амжилттай хэрэгжсэн төслүүдийн нэг юм. Төслийн хүрээнд сургалт явуулан сургагч багш бэлтэх, гарын авлага гаргах, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмнө тулгамдаад байгаа асуудлыг судалж судалгааны тайлан гаргах, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал вэб сайттай болсон зэрэг олон чухал ажлууд хийгдсэн гэлээ. Түүнчлэн зарим хуулийн төслүүд дээр хамтран ажиллаж байгааг энэ үеэр дулгаж байсан юм.

Төслийн үндэсний захирал Б.Болдбаатар хэлэхдээ, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төсөл нь үндэсний хэмжээний том төсөл болж чадсан гэдгийг онцлоод энэхүү төслөөр тогтовортой ажиллагааг бий болгох зорилгоор сургалтын механизмыг нэвтрүлж энэ хүрээнд хууль тогтоох үйл явцад иргэдийн саналыг сонсох видео хурлын системийг нэвтрүүлсэн юм. Тухайлбал УИХ-ын байнгын хорооны хуралдааны дөрвөн танхим, Нээлттэй сонсголын танхим, УИХ-ын даргын зөвлөлийн танхим, 21 аймгийн иргэний танхим, алслагдсан гурван дүүргүүд хоорондоо видео хэлбэрээр холбогдох боломжтой болсон гэлээ.

Ноён Пол Ван Хүүф цаг, зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, төслийн үнэлгээний талаар хийгдсэн судалгаатай танилцахаар ирснээ дуулгсан юм. Мөн тэрээр төслийн хүрээнд зохион байгуулагдсан сургалтын үр дүнг харж, цаашид төслийг тогтвортой үргэлжүүлэх боломж байгаа эсэхтэй танилцана гэдгээ мэдэгдлээ.

Уулзалтын үеэр төслийн үр дүнгийн болон зорилго, зорилтуудын талаар харилцан санал солилцов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ