Хувьсах зардлыг хуульд заасан хэмжээгээр олгохыг хүслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2016-12-05 15:28:59

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувьсах зардлыг энгийн хүүхдээс 3 дахин нэмэгдүүлж олгоно гэж хуульд заасан байдаг ч энэ нь амьдралд биеллээ олохгүй, энгийн хүүхдүүдтэй ижил хэмжээнд олгогддог асуудлыг анхааралдаа авч, зохих дээд байгууллагад уламжилж өгнө үү гэж Дорнод аймгийн Засаг даргаас зарим иргэд, хүүхдүүд хүслээ.

Өнгөрсөн баасан гарагт болсон “Хүүхдээ сонсох өдөр”-т оролцогчдыг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хүлээн авч уулзах үеэр дээрх хүсэлтийг тавьжээ.

Уулзалтын үеэр “Хүүхэд хөгжил” төвийн багш, асрагчдын цалин урамшуулал, тус төвийн материаллаг баазыг бэхжүүлэхэд албан газар байгууллагуудыг татан оролцуулах гэхчлэн тодорхой асуудлыг хөндсөн байна. Хүүхдүүд аймгийн Засаг даргатай уулзсандаа баяртай байгаа илэрхийлж,  сурсан мэдсэн дуу шүлгээ дуулж, уншиж сонирхуулав.

Аймгийн засаг дарга өөрийн санаачилгаар сар бүрийн 1-ний өдрийг “Хүүхдээ сонсох өдөр” болгож,  тэдний үгийг сонсч, тавьсан санал хүсэлтийг нь хэрхэн биелүүлсэн тухайгаа дараа сард нь “тайлагнадаг” уламжлалтай болоод байгаа юм. 

Тус аймгийн тухайд “Хүүхэд хөгжил” төвөөс гадна 10 жилийн 1 дүгээр сургууль дээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 2 тусгай бүлэг хичээллэдэг.

                                                                                                                                   Б.Туяа 

Холбоотой мэдээ