Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдрийг тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-12-06 00:16:09

Дархан-Уул аймагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан хүндэтгэлийн хурал болов. Тус хуралд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат нар оролцлоо.

Мөн үеэр уг өдрийг угтаж өрнүүлсэн "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ сонсоё" хэлэлцүүлгээс гарсан уриалгыг танилцуулж аймгийн ХХҮГ-ын дарга С.Энхболд, Хөгжлийн Бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн тэргүүн Б.Батсүх нар “Санамж бичиг”-т гарын үсэг зурав.

Түүнчлэн аймгийн НАМЭХ, Цэцэрлэгийн Эрхлэгч нарын холбоо хамтарч бүх СӨББ-ийн багш, ажилтан албан хаагчдын дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж цуглуулсан хандивын хүрээнд 914350 төгрөг цугларсныг аймгийн ХХҮГ-ын дарга С.Энхболдод гардууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Хөгжлийн төв”-д хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг өдрөөр асардаг “Алдагдсан чадварыг сайжруулах” нөхөн сэргээхийн бага эмч Г.Алтанчимэг нь хүүхдүүдийн эрүүл мэндийн төлөө цалингүй ажилладаг байсныг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн Бодлогын хэлтэс, “Дархан хаанчлалын түнш” ТББ-тай хамтран шийдвэрлэж түүнд 2017 оны эхний улирлын цалин олгох эрхийн бичиг гардуулав.

Аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан “Мөрөөдөл өөдөө” хандивын марафон гүйлтийн хандиваас олимпийн эрх авах тэмцээнд оролцох гэж буй тамирчин Д.Саруултөгсийн тэмцээний бэлтгэлд зориулж хоёр хос бэлтгэлийн хувцас, 500 мянган төгрөгийг бэлэглэв. Мөн үеэр “Хөгжлийн бэрхшээлтэй эцэг эхчүүдийн холбоо”-ны Дархан-Уул аймаг дахь салбарын зохицуулагч Г.Алтанчимэг, Улаан Загалмайн хорооны сайн дурын идэвхтэн Ц.Энхтуяа, Д.Амартүвшин захиралтай “Дархан Минж “ ХХК, Х.Мэдэгсүрэн захиралтай “Насан туршийн боловсролын төв”-ийн хамт олонд ХБИ-ийн Нэгдсэн зөвлөлийн талархал, дурсамж гардууллаа.

          Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ