Агаар бохирдуулагч бодис хүлцэх хэмжээнээс хэтрээгүй ч жил тутамд нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬХүйтний болон хуурайшилтын улирлын зарим үед Мандалговь хот утаан хөшиг татаж, агаарын бохирдол ихэссэн дүр төрхийг харуулдаг юм. Гэхдээ агаарын чанарын үзүүлэлтийг лабораторийн шинжилгээгээр авч үзэхэд хүхэрлэг хий азотын давхар исэл хүлцэх агууламж давсан тохиолдол одоогоор илрээгүй байна.
Аймгийн УЦУОШ- ний алба агаарын чанарт хяналт шинжилгээ хийдэг. Дундговь аймгийн томоохон суурин газар болох Мандалговь хот орчмын агаарын чанарт шинжилгээ хийхдээ агаарын бохирдлын зонхилон тохиолдох эх үүсвэрүүдээс ялгаруулж байгаа түгээмэл тархалттай бодисуудаас нэн тэргүүнд хүхэрлэг хий азотын давхар исэлийн хэмжээг хянадаг байна. Агаар дахь азотын давхар ислийн хэмжээ хүлцэх агууламжаараа нэг шоо метрт 0.2 мг, хүхэрлэг хий 0.45 мг байдаг бөгөөд Мандалговь хот орчмын агаар сүүлийн 3 жилд энэ хүлцэх агууламжийг даваагүй ажээ. Гэхдээ 2013 онд азотын давхар исэл 0.009 мг байсан бол хоёр жилд 0.013 мг, хүхэрлэг хий 0.004 мг байсан бол 0.007 мг болж өссөн үзүүлэлт гарсан байна.
Энэ оны хувьд азотын хийн агууламж хамгийн их илэрсэн тохиолдол 11 дүгээр сарын 17-ны өглөө байсан бөгөөд энэ үед азотын хий 0,028 мг/м3 хэмжээтэй байжээ. Харин хүхэрлэг хий хамгийн их буюу 0,025мг/м3 хэмжээтэй байсан тохиолдол өнгөрсөн хавар 3 дугаар сард бүртгэгдсэн байна.
Т.Отгонтуяа