Цэргийн шинэчилсэн тоо бүртгэл 30 гаруй хувьтай үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймагт энэ сарын 1-нээс цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийг бүх багийн ажлын албанд зохион байгуулж байна.
“Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулиар цэргийн жинхэнэ болон бэлтгэл алба хаах насны иргэд жил бүр цэргийн тоо бүртгэлд бүртгүүлж байхаар заасан бөгөөд үүнд 18-50 насны эрэгтэйчүүд, ахлагч офицер, эмэгтэй офицер, ахлагч түрүүч хамрагдах юм.
Иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, иргэний үнэмлэхээ авч очин харьяа багийн ажлын албанд бүртгүүлнэ. Мөн чухал мэргэжлийн эмэгтэйчүүд энэхүү бүртгэлд хамрагдана. Үүнд талхчин, гуталчин, оёдолчин, сувилагч мэргэжилтэй эмэгтэйчүүд орно. Цэргийн шинэчилсэн бүртгэл нь дайчилгааны үед ажиллах 1, 2 дугаар зэргийн бүрэлдэхүүнийг тогтоох зорилготой юм. Уг бүртгэл энэ сарын 31-нийг дуустал үргэлжилнэ. Одоогийн байдлаар бүртгэл 30 гаруй хувьтай байна.
Б.Оюун-Эрдэнэ