Дархан сум ирэх дөрвөн жилийн хөтөлбөр, ирэх оны төсвөө баталлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДархан сумын ИТХ-ын ээлжит хуралдаан болов. Хуралдааныг нээж Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням хэлэхдээ : “Хурал, Засаг даргын хамтын ажиллагаанаас орон нутгийн нийгэм, эдийн засгийн зорилтын хэрэгжилт, иргэдийн амьдрал ихээхэн шалтгаална. Иймээс Хурал, Засаг дарга гэсэн хоёр субъект хуулиар хүлээсэн тус тусын чиг үүргийнхээ дагуу ажиллахын зэрэгцээ ажлаа байнга уялдуулан зохицуулж байх ёстой. Дархан сумын ИТХ, түүний Тэргүүлэгчид,Засаг дарга, түүний Тамгын газар иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө хамтран ажиллаж чадна” гэв.
Хуралдаанаар Дархан сумын ИТХ, түүний Тэргүүлэгчдээс хэрэгжүүлсэн ажлын товч мэдээлэл, 2017-2020 онд баримтлан ажиллах үйл ажиллагааны үндсэн чиглэл, сумын ИТХ-ын дэргэдэх Хороодын бүрэлдэхүүн, ажиллах журмыг хэлэлцэж батлав. Мөн тус сумын Засаг даргын 2016 онд хийсэн ажлын тайлан, Дархан сумын Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай, Аймгийн Аудитын газраас 2016 оны төсвийн тодотгол, 2017 оны төсвийн төсөлд өгөх саналын тухай, Дархан сумын 2016 оны батлагдсан төсөвт тодотгол хийх тухай, “Сумын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх зорилт, төсвийн төслийн тухай” зэрэг үндсэн асуудлуудыг хэлэлцэж тогтоол гаргалаа.
Хуралдаанаар Дархан сумын 2016 оны орон нутгийн төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлийг ИТХ 0,9 сая, Дархан сумын ЗДТГ 22,7 сая нийт 23,6 сая төгрөгийн урсгал зардлыг хооронд нь шилжүүлэх зохицуулалтыг хийж төсвөө тодотголоо. Мөн 2017 оны Дархан сумын төсвийн орлогыг 1730,1 сая, зарлагыг 1152,5 сая, сумаас аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 577,6 сая, сум хөгжлийн санг 396,5 сая, орон нутгийн хөгжлийн санг 68,3 сая, улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 23663,1 сая төгрөгөөр тус тус баталлаа.
Б.Норовсамбуу