Хонь, үхрийн махны үнэ буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Статистикийн хэлтэс энэ оны 11 дүгээр сарын эдийн засаг, нийгмийн хөгжлийн дүн мэдээ танилцууллаа.
Энэ оны 11-р сарын байдлаар орон нутгийн төсвийн орлого 11.4, аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 6.6, борлуулалт 8.2, авто тээврийн орлого 3.4, барилга угсралт, их засварын ажил 3, худалдааны бараа гүйлгээ 3.8, нийтийн аж ахуйн орлого 6.4 хувиар өссөн эерэг үзүүлэлт байна. Гэвч холбооны салбарын орлого 10.6, ахуйн үйлчилгээний орлого 0.9 хувиар буурчээ.
Өнгөрсөн сарын байдлаар нийгмийн салбарт хүн амын эрүүл мэндийн үзлэг 8.8, урьдчилан сэргийлэх үзлэг 16.9, урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдалт 1.1 пунктээр нэмэгдсэн бол нас баралт 0.5 промилээр, нялхсын эндэгдэл 0.2 промилээр, гэмт хэргийн гаралт 5.7 хувиар тус тус буурсан нь сайн үзүүлэлт юм. Харин төрөлт 2.2 промилээр, гэмт хэргийн илрүүлэлт 4.5 пунктээр, нийт бий болсон ажлын байр 32.3 хувиар буурч, халдварт өвчний гаралт 28.3 продицимилээр нэмэгдсэн таагүй дүн гарчээ.
Статистикийн хэлтсээс хэрэглээний үнэ тарифын судалгааг 213 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хамруулан сар бүр хийдэг. Өнгөрсөн сарын байдлаар тараг, сүүний үнэ 30, шар тосны үнэ 11.1, төмс, хүнсний ногооны үнэ 9 хувиар өссөн байна. Харин хонины ястай махны үнэ 10.4, үхрийн ястай мах 9.1, адууны ястай мах 4.5 хувиар буурсан гэнэ.
Б.Оюун-Эрдэнэ