Таван сумын Засаг даргыг томилоогүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-12-13 11:43:28

Өнөөдрийн байдлаар Дундговь аймгийн Засаг дарга 10 сумын Засаг даргыг томилж, Өлзийт, Өндөршил, Эрдэнэдалай, Цагаандэлгэр, Баянжаргалан сумын Засаг даргыг батламжлаагүй байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар сумын ИТХ- ын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонх буюу 50- иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг сумын Засаг даргад томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд санал болгоно. Энэ дагуу Өлзийт сумын Засаг даргаар  А.Эрдэнэбат, Өндөршил сумын Засаг даргаар Л.Мөнхбадрах, Баянжаргалан сумын Засаг даргаар Д. Түвшинбаяр, Цагаандэлгэр сумын Засаг даргаар Д.Буджав, Эрдэнэдалай сумын Засаг даргаар Б. Лхагвамандал нарыг томилуулахаар тухайн сумын ИТХ- аас аймгийн Засаг даргад санал хүргүүлсэн.

Харин тэднийг аймгийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд сумын Засаг даргаар томилох боломжгүй гэдэг хариуг Баянжаргалан сумаас бусдад нь мэдэгдээд байгаа юм.

Засаг даргад нэр дэвшигчийг эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал сумын ИТХ 15 хоногийн дотор хуралдаж Засаг даргад дахин нэр дэвшүүлнэ. Түүнийг аймгийн Засаг дарга 5 хоногт багтаан томилох үүрэгтэй юм.

Энэ дагуу дахин нэр дэвшүүлсэн тухайд нь дээрх сумын ИТХ- ын дарга нараас тодруулахад, Өндөршил сумын хувьд ИТХ нь 12 дугаар сарын 5- нд хуралдаж Засаг даргаар Ч. Үнэнхүүг нэр дэвшүүлээд байгаа бол Өлзийт сумын ИТХ 11 дүгээр сарын 21- нд хуралдаж А. Эрдэнэбатыг дахин нэр дэвшүүлсэн гэлээ. Гэвч өнөөдрийн байдлаар Засаг дарга нар томилогдоогүй байна. Өлзийт сумын ИТХ- аас ард түмний сонголтыг хүндэтгэж, хуулиа хэрэгжүүлэн сумын Засаг даргыг томилж өгөх шаардлагыг ч аймгийн Засаг даргад хүргүүлсэн гэдгийг ИТХ- ын дарга Х. Отгонмөнх хэлсэн юм. Харин Цагаандэлгэр сумын хувьд ИТХ- аа энэ сарын 19- нд, Эрдэнэдалай сумын ИТХ энэ сарын 13- нд тус тус хуралдуулж Засаг даргад дахин нэр дэвшүүлнэ гэлээ.

Баянжаргалан сумын хувьд АН- ыг сонгуулийн хууль зөрчиж, аудитаар хянуулаагүй мөрийн хөтөлбөртэй сонгуульд оролцсон хэмээн сумын МАН- ын хороо шүүхэд гомдол гаргасан. Үүнтэй холбогдуулан Засаг даргад нэр дэвшигчийг одоогоор томилоогүй байна.

Цагаандэлгэр, Эрдэнэдалай, Өлзийт, Баянжаргалан сумын ИТХ- д АН олонхи болсон бол Өндөршил сумын хувьд бие даан нэр дэвшигчид ИТХ- ын 15 мандатын 9- д сонгогдоод байгаа юм.

 Т.Отгонтуяа         

Холбоотой мэдээ