Д.Мөнх-Эрдэнэ: Баянзүрх дүүргийн Засаг даргын томилгоог хуулийн хүрээнд шийднэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-12-14 17:21:11

Нийслэлийн есөн дүүргээс Баянзүрх дүүргийн Засаг даргыг томилоогүй байгаа. Энэ талаар нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг дарга дүүргийн Засаг даргын томилгоог хийхдээ тухайн дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслэж хийнэ хэмээн тэрээр яриагаа эхэлсэн юм. Баянзүрх дүүргийн хувьд 41 төлөөлөгчтэй байхаас 35 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гарчээ. Зургаан төлөөлөгчийг Сонгуулийн тухай хууль, тогтоомжийг зөрчсөн гэж үзэн дүүргийн Сонгуулийн хорооноос жагсаалтаас хассан бөгөөд шүүхийн шатанд эцэслэн шийдэгдээгүй байгааг Д.Мөнх-Эрдэнэ онцлов.

Тэрээр, "Ийм нөхцөл байдал үүссэн учраас нийслэлийн Засаг даргын зүгээс тус дүүргийн Засаг даргыг томилох боломжгүй. Энд ямар нэгэн улстөржилт байхгүй. Хуулийн хүрээнд л ажлаа явуулж байна. Баянзүрх дүүргийн Ардчилсан намын гишүүд өчигдөр шүүхээс эцэслэн шийдвэр гарсан хэмээн хэвлэлийн бага хурал хийсэн нь ташаа мэдээлэл" гэлээ.

 Б.Заяа

 

Холбоотой мэдээ