21 удаагийн үйлдэлтэй дээрмийн бүлэглэлийг илрүүлэн барьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-12-27 13:44:28

Улаанбаатар хотын цагдаагийн газраас сүүлийн үеийн гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ү.Хосбаяр 12 дугаар сард илрүүлсэн, онц ноцтой хэргийн талаар мэдээлэл өгсөн юм.

Том хэргийн тухайд 21 удаагийн үйлдэлтэй дээрмийн бүлэг буюу 18-25 насны таван залууг  саатуулсан  мэдээлэл өгөв. Энэ бүлгийнхэн Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутагт шөнөөр ганц нэгээрээ явж буй иргэдийг боож унаган бүлэглэн зодож, хүч хэрэглэн дээрэмддэг байсныг илрүүлсэн байна. Тэднийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж буй тул Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт дээрэмдүүлсэн иргэд тус дүүргийн эрүүгийн цагдаагийн тасагт хандаж мэдээлэл өгөхийг санууллаа. Баянзүрх дүүрэгт жирэмсэн эмэгтэйг боож унаган аминд нь хүрсэн хэрэг өнгөрөгч долдугаар сард гарчээ. Энэ хэргийг 12 дугаар сард нөхөн илрүүлснээр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, 1987 оны залуу үйлдсэнийг шалгаж байна. Мөн 60 настай эмэгтэй Чингэлтэй дүргийн 12 дугаар хорооны жалганд дээрэмдүүлэн зодуулж амиа алдсан байдалтай олдсон байна. Энэ хэргийг 1991 онд төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянхонгор аймгийн харьяат Т үйлдсэнийг тогтоожээ. Энэ хэргийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагч нар шалгаж байна. Хувийн  машинаараа такси үйлчилгээнд явж байсан Г-г зорчигч араас нь боож унаган “I-Phone-4” маркын гар утас, 30 мянган төгрөгийг дээрэмдсэнийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэргийг шалгаж эхэлжээ. Урамшуулалт эргүүлд 183 сая төгрөг зарцуулснаа мөн дуулгав.

Нийслэлд гэмт хэрэг зөрчлийг бууруулахаар хэв журмын эргүүлийг нэгдүгээр сарын нэгнийг хүртэл ажиллуулах юм. Нийслэлд 1459 эргүүл ажиллаж байна. Улмаар эргүүлийн илрүүлсэн мэдээллийн мөрөөр шалгалт хийж нийтдээ 920 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцжээ. Цагдаагийн байгууллагынхан баяр ёслолын үетэй холбогдуулан “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж гудамж талбайд нэмэгдүүлсэн хүчээр үүрэг гүйцэтгэж эхэлсэн талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын мэргэжил аргазүйн тасгийн дарга Л.Амармөрөн мэдээллээ. Нэгдсэн арга хэмжээний эхний 20 хоногт нийтдээ 27 мянган дуудлага хүлээж авсан байна. Үүний 900 гаруй нь гэмт хэргийн шинжтэй юм байна. 48 хувь нь хулгайн гэмт хэрэг эзэлжээ. Энэ дундаа халаасны хулгай 42, дээрмийн хэрэг 37, булаалт 23, машины зогсоол дахь хулгай 102, баар ресторан дахь хулгай 10 бүртгэгджээ. Мөн энэ үеэр иргэдийг зөвшөөрөлтэй хоёр компаниас салют худалдаж авахыг санууллаа.“Очир Ундраа”, “Протек” гэсэн хоёр компани л салют, протехникийн хэрэгсэл худалдаалах зөвшөөрөлтэй юм байна. Иргэдийг зөвшөөрөлтэй, баталгаатай газраар үйлчлүүлэхийг бас анхаарууллаа.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ