Төрийн тамганы хөшөөнд хүндэтгэл үзүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар өнөөдөр Төрийн Тамганы хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв.
Өнөөдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ой тохиож байна. 2011 онд УИХ-ын гишүүд жил бүрийн 12 дугаар сарын 29-ний өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо эргээн мандуулсны баяр болгон тэмдэглэж байх хуулийн төслийг өргөн барьж батлуулсан. Хуулийн хүрээнд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон УИХ-ын дарга, гишүүд Төрийн Тамганы хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ.
Ёслолын үеэр Төрийн ордны хойд голын Соёмбот хаалганд Төрийн далбаа мандуулан хүндэт харуул жагсч, үлээвэр найрал хөгжимд Төрийн дуулал, хүндэтгэлийн марш эгшиглүүлэв.
Монгол төрийн тамганы хөшөөг Их эзэн Чингис хааны хөшөө, Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө цогцолборын бүрэлдэхүүн хэсэг болгон Төрийн ордны арын цэцэрлэгт босгосон юм. Тамгыг бар бариултайгаар бүтээж, хөшөөний дөрвөн талд Их Монгол Улсын, Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын, 1924 онд Үндсэн хуулиар батлагдсан БНМАУ-ын, 1992 онд батлагдсан Үндсэн хуулиар тунхагласан Монгол Улсын төрийн тамгыг байрлуулжээ.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ