Аюулаас амжиж сэрэмжлэх мэдээллийн сүлжээг говь хээрийн бүсэд ашигладаг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-12-30 16:07:27

Цаг агаарын аюулт үзэгдлийн мэдээг малчид бие биедээ дамжуулж, хохиролгүй даван туулах бэлэн байдлыг амжиж хангахад тусладаг системийг Дундговь аймагт ашигладаг болсоор багагүй хугацаа өнгөрч байгаа юм. Энэ системийг зөвхөн Дундговь аймагт бус монгол орны говь тал хээрийн бүсийн аймгуудын малчид ашигладаг болох талаар Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан гэж системийг санаачлан байгуулагч УИХ- ын гишүүн асан, Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат ажилтан Н. Тогтох хэллээ.

Тэрээр арваад жилийн өмнө Эрдэнэдалай сумын цаг уурын өртөөнд Аюулаас амжиж сэрэмжлэх цогцолборыг /ААСА /анх байгуулж  байсан юм. Цаг уурын мэргэжлийн байгууллага цаг агаарын урьдчилсан мэдээг 3- 5 хоногийн өмнө мэдээлдэг. Харин ААСА цогцолбор цаг агаарын аюулт үзэгдэл тухайн нутаг дэвсгэрт орж ирснийг анхааруулж, хэдэн цаг, минутын дараа хаана очихыг богино долгионы радиогоор малчдад хүргэдэг  бөгөөд энэ нь цаг агаарын аюулт үзэгдлээс  амь амжиргаагаа хамгаалахад малчдад тусалдагаараа илүү бодит мэдээлэл болж чаддаг байна. Жишээлбэл, өнгөрсөн хавар гуравдугаар сарын 3- 4 нд шилжих шөнө тохиосон хүчтэй цасан шуургыг Эрдэнэдалай сумын малчид гарз хохиролгүй давсан байдаг. Сумынхаа баруун хойно нутагладаг малчин Д. Дуламсүрэн салхи шуурга эхэлж байгаа тухай мэдээг ААСА цогцолбороор 17 цаг 20 минутад өгсөн бол үүнээс хойш 24 минутын дараа сумын төвд шуурга ирж, 90 минутын дараа сумын зүүн хил орчимд нутагладаг малчин н.Жамъян шуурга эхэллээ гэдэг мэдээг дамжуулсан байдаг. Энэ хооронд малчид шуурганаас хамгаалах бэлэн байдлаа амжиж ханган, малын гарзгүй давсан бол зэргэлдээ сумд 6- 14 мянган малаа шуурганд алдсан хохирол гарч байжээ.

Дундговь аймгийн нийт нутаг дэвсгэрт мэдээлэлийг дээрхийн адилаар дамжуулах цогцолбор баруун бүсийн Эрдэнэдалай, зүүн бүсийн Говь- Угтаал, төвийн Сайнцагаан суманд ажиллаж байгаа юм. Бүсийн ААСА цогцолборууд тус бүртээ 160- 170 км- ийн радиуст богино долгионы радиогоор малчдад мэдээлэл хүргэдэг.

Өнгөрсөн намраас эхлэн Дундговийн малчид 340 гаруй км- ийн алсаас цаг агаарын аюулт үзэгдэл айсуйг мэдэх нөхцөл бүрдсэн гэдгийг УИХ- ын гишүүн асан Н. Тогтох тодотгон хэллээ. Өөрөөр хэлбэл, шуурга цас Дундговийн нутаг дэвсгэрт орж ирсэн хойно мэдээлдэг байсан бол одоо Өвөрхангай, Төв аймгийн хил залгаа сумдын цаг уурын өртөө харуулаас мэдээ хүлээн авдаг урьдчилан анхааруулдаг болсон байна. Энэ тухайд Цаг уур орчны шинжилгээний газрын дарга С. Энхтүвшин тодруулахдаа, “Цаг уурын байгууллага 3- 7 хоногийн өмнө мэдээлдэг. Зарим үзэгдэл Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирээгүй, заримдаа шинээр үүссэн процесс ч байдаг. Яг хэдэн цагт аюулт үзэгдэл орж ирэх вэ гэдгийг мэдэх боломж тэр бүр байдаггүй. Одоо бол хөрш зэргэлдээ сумдын өртөө харуул аюулт үзэгдэл ороод ирэнгүүт хурдыг нь тооцоод Дундговь дахь ААСА цогцолборт өгнө. ААСА цогцолбор шуурхай хугацаанд малчдад мэдээлнэ. Энэ бол аюулт үзэгдлээс бүрэн хамгаалах нөхцлийг бүрдүүлсэн илүү бодит мэдээлэл болж байгаа юм” гэлээ.

Бэлчээрийн мал аж ахуйд суурилсан Монгол орны хувьд говь тал хээрийн бүсээ ийм мэдээллийн сүлжээтэй болгочихвол цаг агаарын аюулт үзэгдлээс мал сүрэг, өөрийн эрүүл мэнд, цаашлаад амь насаа хамгаалах бэлэн байдлыг малчид хангадаг болно. Мал сүрэг төрийн хамгаалалтад байх нөхцөл бүрдэнэ. Мөн малчдын оролцоо идэвхижиж, хариуцлага нэмэгдэнэ. Энэ утгаар Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгаж, зөвхөн нэг аймагт хэрэгжиж байгаа ажил арав шахам жилийн дараа ийнхүү төрийн бодлогын анхааралд өртжээ.

Аюулаас сэрэмжлүүлэх төдийгүй орон нутгийн мэдээллийн дэд бүтэц болж байна

Дундговь аймаг дахь ААСА цогцолбор зөвхөн цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлэх бус шийдвэр гаргах түвшинд малчдын оролцоог хангаж, орон нутгийн мэдээллийг хүргэх дэд бүтэц болж байна. Энэ утгаар Говь- Угтаал сумын төвд байршиж буй ААСА цогцолборын FM 106.1- ийг  Дундговь аймгийн зүүн бүсийн орон нутгийн радио болгож, зүүн бүсийн 6 сумын малчид, иргэдэд мэдээ мэдээлэл хүргэж эхэллээ.

Хөдөөгийн малчид, иргэд улс оронд өрнөж байгаа төдийгүй дэлхий дахины үйл явдлын мэдээг тухай бүрт нь хүлээн авч чаддаг боловч сум, аймаг орон нутгийнхаа мэдээ мэдээллийг тэр бүр авч чаддаггүй. Иймээс ААСА цогцолбор бол орон нутгийн мэдээллийн хэрэгсэл болж ажиллах бүрэн боломжтой  гэж үүсгэн санаачлагч УИХ- ын гишүүн асан Н. Тогтох зүүн бүсийн радиогийн нээлтэд оролцох үеэр тодотгон хэлсэн юм.

Тэрээр, “Төр иргэний хооронд жинхэнэ амьд харилцааг энэ радио үүсгэж чадна. Ярилцаж байгаа хоёр хүн бие биеийнхээ яриаг анхаарал тавин сонсдогтой адил төр, малчин хоёрын дунд ийм харилцаа үүсч, төр иргэний хамтын ажиллагаа идэвхитэй болно гэдэгт итгэж байна” гэлээ.

Радиогоор малчид тогтсон цагт сум, аймаг орон нутгийн мэдээ мэдээллийг хүлээн авна. Төрийн алба хаагчдаас асууж лавлах зүйлээ радиотой шууд холбогдон асууж, шийдвэр гаргах түвшинд саналаа шууд илэрхийлнэ. Энэ бүх агуулгыг багтаан “Асуултын хариу”, “Малчны хотонд” зэрэг нэвтрүүлгийг бэлтгэн хүргэхээс гадна алдсан малын зар, мэдээллийн хөтөлбөр, алсын зайны сургалтуудыг явуулахаар төлөвлөснийг зүүн бүсийн радиогийн ажилтан н.Энхбат хэллээ. Тус радио хоёр орон тоотой ажиллах юм байна. Өдөр бүр зүүн бүсийн Өндөршил, Гурвансайхан, Баянжаргалан, Цагаандэлгэр,Дэрэн сумаас мэдээ мэдээлэл хүлээн авч нэвтрүүлдэг байх ажээ.

Радиогийн нээлтэд оролцсон аймгийн Засаг дарга О. Бат- Эрдэнэ бүсийн радиогийн ажилчдын цалин хөлсийг орон нутгийн төсвөөс өгөх тал дээр нааштай шийдэхээ хэлж, цаашид баруун бүсийн Эрдэнэдалай, төвийн бүсийн Сайнцагаан сум дахь ААСА цогцолборын FM радио ч мөн ингэж ажиллах боломжтой гэдгийг хэлсэн юм.

Холбоотой мэдээ