Дундговийн Засаг дарга шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн Засаг дарга О. Бат- Эрдэнэ шинэ оноо угтаж буй энэ мөчид ард иргэддээ мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр мэндчилгээндээ, Дундговь аймгийн хөдөлмөрч ард түмний 75 жилийн хөдөлмөр зүтгэлийг Монголын төр үнэлж, Төрийн дээд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнасан нь улиран одож буй 2016 оныг Дундговийн түүхэнд тод мөртэй үлдээх түүхэн үйл явдал болсныг онцлон тэмдэглэсэн байна.
Мэндчилгээ
Дуу хуурын өлгий Дундговь нутгийн зон олондоо ирж буй шинэ оны гал цогтой халуун дотно мэндчилгээ дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе.
Өнгөрч буй 2016 онд Дундговь нутгийн ажилсаг ард түмний 75 жилийн хөдөлмөр бүтээлийг Монголын төр үнэлж, Төрийн дээд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагналаа. Энэ бол бидний түүхэнд тодоор үлдэх бахархам үйл явдал болсон юм.
Малчин түмний минь уйгагүй хөдөлмөр зүтгэлийн үр шимээр эдийн засгийн үндэс болсон мал сүрэг таван төрлөөр өсч,3 сая 59 мянган толгойд хүрч, улс, орон нутгийн төсөв, гадаад, дотоодын төсөл хөтөлбөрөөр 8 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт манай аймгийн бүтээн байгуулалтад шингэлээ.
Улирч буй он түүхэн сонгуулийн жил байсан. Сонгуулийн үр дүнд бүрдсэн бүх шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал аймаг, сумыг удирдах шинэ удирдлагуудаа сонгож, 2016- 2020 онд аймаг, сум орон нутгаа хөгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлан, орон нутгийнхаа хөгжлийн чиг хандлагыг тодорхойллоо.
Говийн бүсийн өрсөлдөх чадварын чуулганыг аймагтаа зохион байгуулсаныг энд мөн онцлохыг хүслээ. Энэ бол өөрийн аймгийн өрсөлдөх чадварыг ирэх он жилүүдэд хэрхэн ахиулах, хөрш зэргэлдээ аймаг орон нутагтай мөр зэрэгцэн хамтран хөгжих ямар арга зам байхыг олж харсан томоохон үйл ажиллагаа болсныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Ирэх он жилүүд бидний хувьд өрсөлдөх чадвараараа бусадтай эн зэрэгцэн урагшлахын төлөөх хөдөлмөр бүтээлийн завгүй цаг хугацаа байх болно.
Ирэх 2017 онд Их номч Зава хэмээх Шагдарын Дамдины мэндэлсэний 150 жилийн ой тохионо. Энэ түүхэн хүн Монгол Улсад судар бичгийн хүрээлэнг үүсгэн байгуулалцаж, монголын шинжлэх ухаан, шашин, бичиг үсэг, түүхийн өв соёлыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт зүтгэлтэн байсныг бид мэднэ. Манай ард түмний дундаас төрсөн суут номч гавжийнхаа мэндэлсэн ойг түүхэн онцлогтойгоор тэмдэглэн өнгөрүүлэх нь айлчлан ирж буй 2017 оны томоохон ажил байна.
Ирж буй он Дундговьчуудын хувьд улс төрийн ухаалаг шийдэл, эдийн засгийн эрчимтэй бодлого, нэгдмэл хүч, хамтын хөдөлмөрөөр эдийн засгийн хямралыг даван туулж, хичээнгүй хөдөлмөрийнхөө дүнд салбар салбарын амжилтаа ахиулсан баялаг түүхтэй жил болно гэдэгт миний бие итгэл дүүрэн байна.
Зон олон маань шинэ ондоо ололт амжилт, аз хиймориор арвин байх болтугай.
Т. Отгонтуяа