Дундговийн нутгаар ашигт малтмал тээвэрлэх маршрутыг тогтоож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймаг нутаг дэвсгэрээрээ ашигт малтмал тээвэрлэх замын нэгдсэн маршруттай болж байна. Үүнийг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Р. Цэрэндоржоос тодруулахад, “Ашигт малтмалын тээвэрлэлтийг хаа дуртай газраар хийж олон салаа зам үүсгэн, бэлчээр нутаг, байгаль орчинд үзүүлдэг сөрөг нөлөөг зогсоохын тулд нэгдсэн маршрутыг тогтоож байгаа юм. Маршрутыг тээвэрлэлтийн хуучин зам болон Улаанбаатар, Даланзадгадын чиглэлийн авто замыг түшиглэн тогтоосон” гэлээ.
Одоогийн байдлаар Дундговь аймгийн 11 сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын ашиглалтын 79, 15 сумын нутаг дэвсгэрт хайгуулын 171 тусгай зөвшөөрөл байна. Эдгээр тусгай зөвшөөрөлд олгосон талбай нь нийт нутаг дэвсгэрийн 16.4 хувь буюу 1225.3 мянган га- г эзэлж байгаа юм.
Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд нэг талдаа 2415 км замаар тээвэрлэлт хийж байгаагийн 1815 нь шороон зам бөгөөд тээвэрлэлтийн улмаас 5445000 м.кв талбайн хөрс элэгдэж, үржилт шимээ алдаж байгаагаас эхлээд агаар мандал бохирдож, ургамал, ан амьтан ховордох, хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, говийн эко систем алдагдах зэргээр олон сөрөг хүчин зүйл тоочигдож байна.
Нэгдсэн маршрут нь ашигт малтмалыг Дундговийн нутаг дэвсгэрээр тээвэрлэн Улаанбаатар, Чойр гэсэн эцсийн хоёр цэгт хүргэх замыг зааж өгсөн. Тодруулбал, аймгийн нутаг дэвсгэрийн баруун урд буюу Дэлгэрхангайн гөлтгөнийн уурхайгаас Улаанбаатар руу чиглэх тээвэрлэлт Хулд, Луус, Мандалговиор дамжин Улаанбаатар руу хатуу хучилттай автозамаар, Хулдын жоншны уурхай болон аймгийн баруун талын сумдын нутгаас Чойр руу чиглэсэн тээвэрлэлтийг Их газрын чулууны хязгаарлалтын бүс, Говь-Угтаалын нутгаар дамжуулах бол урд талын Өлзийт сумын нутаг дахь жоншны уурхайнуудаас Чойр хүртэл Гурвансайхан, Баянжаргалангийн нутгаар дамжин тээвэрлэнэ. Адаацагийн нутгаас Чойр хүртэл Бага газрын чулууны зүүн хажуу, Дэлгэрцогтын нутгаар өнгөрч Их газрын чулуугаар дамжих үндсэн замд нийлсэн маршрутыг гаргажээ. Энэ үндсэн замд мөн зүүн талын сумдын нутгаас Чойр руу чиглэсэн тээвэрлэлт нийлнэ.
“Маршрутыг аж ахуйн нэгжийн удирдлагуудад танилцуулж, өчигдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээд байгаа. Одоо ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн батална” гэж улсын байцаагч Р.Цэрэндорж тодотгосон юм. Аж ахуйн нэгжүүд маршрутыг баримтлах үүрэгтэй. Мөн маршрутыг дагуух замын шороог хусч тэгшилнэ. Цаашдаа Дундговь аймаг эл маршрутын дагуух замыг хатуу хучилттай болгох бодлого баримталж байгаа ажээ.
Т. Отгонтуяа