Дундговийн нутгаар цас нимгэн, өвөлжилт хэвийн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-01-04 11:26:02

Дундговь аймгийн хувьд өвөлжилт хэвийн байна. Өнгөрөгч 11 дүгээр сарын дунд үеэс хойш арав гаруй удаа их, бага хэмжээгээр цас орсон. Гэхдээ агаарын температур харьцангуй дулаавтар байсан тул орсон цас хайлж, одоогийн байдлаар Эрдэнэдалай,Цагаандэлгэр, Говь- Угтаал, Гурвансайхан сумын нутгаар 2 см орчим цастай, бусад нутгаар цасны зузаан 0-1 см орчим байгааг аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ. Агаарын температур ойрын өдрүүдэд өдөртөө -1-11, шөнөдөө -13-26 градус байна.

Өвөлжилтийн нөхцөл байдлын талаар аймгийн ХХАА-н газрын өгсөн мэдээллээр, Дундговь аймгийн нутаг дэвсгэрт Төв аймгийн 6 сумын 60 гаруй өрхийн 71 мянган толгой мал оторлож байгаа бол өөрийн аймаг дотроо 200 гаруй малчин өрх 151 мянган толгой малтай, гадны аймаг сумын нутагт 190 өрх 122 мянга 300 гаруй толгой малтай оторлож байна. Аймаг сумын аюулгүй нөөцөд 820 гаруй тн өвс, 250 тн тэжээл хадгалагдаж байгаа бөгөөд цас нимгэн, хүйтний эрч сул байгаа нь мал бэлчээрт идээших нөхцлийг хангаж, одоогоор өвс тэжээлийн эрэлт үүсээгүй байна.  

УЦУОШ-ний газрын цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 2 дугаар арав хоногийн эхэнд нутгийн ихэнх, сүүлчээр нутгийн хойд хэсгээр цас орж шуурах бол 3 дугаар арав хоногийн дундуур зарим нутгаар цастай байхыг анхааруулж байна. Энэ сард Дундговийн нутгийн баруун хойд хэсэг, Луус, Дэлгэрхангай, Сайхан-Овоо сумын хойд хэсгээр олон жилийн дундажаас ахиу цастай байх урьдчилсан төлөв гарчээ.   

   Т. Отгонтуяа           

Холбоотой мэдээ