Эрдэнэдалай сум хамгийн олон малтай өрхүүдээ нэрлэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн Эрдэнэдалай сум мал сүргийнхээ тоогоор аймагтаа тэргүүлдэг. Урьд оны эцсийн мал тооллогоор ч энэ байр сууриа хадгалж, мөн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын дараа мал сүргийнхээ тоогоор улсдаа гуравдугаарт жагсчээ.
Аймагтаа хамгийн олон малтай тус сумынхан сумандаа хамгийн олон малтай өрхүүдээ малын таван төрөл тус бүрээр нэрлэсэн байна. Тодруулбал, Рашаант багийн малчин Н. Лхасүрэн 555 адуу тоолуулж адуун сүргийнхээ тоогоор тэргүүлсэн бол тус багийн малчин Д. Юндэн, Тэнгэлэг багийн Л.Рашзэгвэ, Цавчир багийн Х.Доржсүрэн, Сангийн далай багийн О. Мөнхбат нар 180- 270 адуугаар удаалсан байна. Хамгийн олон буюу 261 үхрийг Цавчир багийн малчин Г.Болдбаатарынх тоолуулж, Рашаант багийн Н.Лхасүрэн, Д. Юндэн, Тэнгэлэг багийн Х.Ганбаатар, Цавчир багийн Г.Наранбаатар нар 107- 160 үхэртэй, мөн Цагаан-Овоо багийн малчин Д.Мөнхбаатарынх хамгийн олон буюу 130 тэмээтэй болжээ.
Тэмээн сүргийн тоогоор Цавчир багийн малчин А.Гэрэлбаатар, Сангийн далай багийн Б. Санзайжав, Өнгөт багийн Л.Доржбат, Тэнгэлэг багийн Б.Эрдэнэболд нар 64-111 тэмээ тоолуулснаар удаалж байна.
Рашаан багийн малчин Н.Лхасүрэн 1881 хонь, мөн тус багийн малчин Д. Юндэн 968 ямаа тоолуулсан нь хамгийн олон болж, Рашаант багийн Г.Отгонбаатар, Г.Сампил, Б.Батхишиг, Цагаан-Овоо багийн Л.Өсөхбаяр нар 1228-1793 хонь, Өнгөт багийн Л.Эрдэнэбат, Ц.Гантөгс, Тэнгэлэг багийн А.Ариунжаргал, Ц.Эрдэнэ нар 728- 860 ямаа тус тус тоолуулжээ.
Т. Отгонтуяа