Д.Трамп “Toyota Motor”-ыг сүрдүүлэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГВАШИНГТОН. /Nikkei/. Хэрвээ “Toyota Motor” компани Мексикт үйлдвэр барих төлөвлөгөөгөө хэрэгжүүлбэл өндөр татвар төлөхөд хүрнэ гэж АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп хэллээ.
Д.Трамп пүрэв гарагт твиттер хуудсандаа “АНУ-ын зах зээлд “Corolla” загварын автомашинуудаа борлуулахын тулд Мексикийн Баха мужид шинэ үйлдвэр барина гэж “Toyota Motor” мэдэгдлээ. Америкт үйлдвэрээ барь эсвэл гаалийн өндөр татвар төл. Өөр сонголт байхгүй!” гэж бичжээ.
Хойд Америк дахь үйлдвэрлэлээ өөрчлөн шинэчлэх ажлын хүрээнд 2019 онд Мексикт “Corolla”-гийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаагаа 2015 оны дөрөвдүгээр сард “Toyota Motor” мэдэгдэж байсан юм.
АНУ-д ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг эргэн харахыг Д.Трамп уриалж байгаа билээ.
Мөн Америкийн автомашин үйлдвэрлэгч компаниудын хилийн чанадад үйлдвэрлэсэн автомашинуудад 35 хувийн гаалийн тариф ногдуулна гэж тэрбээр анхааруулсан юм.
Америкийн “Ford” компани Мексикт 1.6 тэрбум долларын өртөг бүхий үйлдвэр барих төлөвлөгөөнөөсөө татгалзаж, үүний оронд Мичиган муж улс дахь үйлдвэрээ өргөтгөхөөр шийдвэрлэсний дараа Д.Трамп твиттер хуудсандаа “Мексикт үйлдвэр барих төлөвлөгөөнөөсөө татгалзсанд баярлалаа, “Ford” компанид. АНУ-д 700 ажлын байр шинээр бий болох нь. Энэ бол ердөө эхлэл. Бусад нь“Ford”-оос үлгэр жишээ ав” гэж бичсэн юм.
Г.Доржханд