“Торгоны зам"-ын асуудлаар Бээжинд хуралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-10-15 18:26:53

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал БНХАУ-ын Бээжин хотноо өчигдөр эхэлсэн.

Уг бага хуралд Монгол Улсаас Ардчилсан намын дарга З.Энхболд болон АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, АН-ын Нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн Г.Батхүү, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар оролцож байна.

Ази, Африк, Европыг холбосон Торгоны замын санаачлага 2000-аад жилийн түүхтэй. Харин 21-р зууны “Торгоны зам” ямар байх вэ гэдэг дээр Азийн улс төрийн намуудын гишүүд төвлөрөн санал бодлоо илэрхийлж байна. Өчигдөр эхэлсэн Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал өнөөдөр үндсэн гурван сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа. Улс төр, Эдийн засгийн интеграцичлал, Хүн ба хүмүүнлэгийн салбар хуралдаануудад Азийн улс төрийн намуудын төлөөлөл хуваагдан оролцсон юм. АН-ын дарга З.Энхболд Эдийн засгийг интеграцичлах салбар хуралдаанд оролцов. 21-р зууны “Торгоны зам” санаачилга хоёр чиглэлтэй байна. Нэг нь Шинжаан Уйгураас Казахстанаар дамжин Европтой холбогдох бол, хоёр дахь нь Монголоор Орос руу дамжин Европтой холбогдох. Манай улсаар дайрах Торгоны замын асуудал Монгол, Хятад, Орос гурван улсын Ерөнхийлөгчийн хоёр удаагийн уулзалтаар баталгаажсан учир манай улс Хятад улсын санаачилсан “Нэг зам, нэг бүс” санаачилгын гадуур үлдэх вий гэж айх хэрэггүй гэдгийг энэ салбар хуралдаанд оролцсон АН-ын дарга З.Энхболд хэлсэн юм.

Торгоны зам дагуух орнууд Далайд гарцтай, далайд гарцгүй гэсэн хоёр ангилалд хуваагдаж байна. Тиймээс далайд гарцтай орнууд Далайн торгоны замын асуудлаар, харин далайд гарцгүй манайх шиг тал газрын улсууд Их газрын Торгоны замын асуудлаар байр сууриа илэрхийлж байлаа.

Азийн улс төрийн намууд бүс нутгийн хөгжлийн асуудлаар ийн чуулдаг болоод 15 жил болжээ. Энэ удаагийн хурал “Торгоны зам” сэдвийн хүрээнд Бээжин хотноо болж байна. Уг олон улсын бага хурал маргааш үргэлжилж “торгоны зам” сэдвийн хүрээнд Азийн улс төрийн намууд хэрхэн хамтран ажиллах тухай тунхаглал гаргах юм. 

Б.Туул

Холбоотой мэдээ