Дэлгэрцогт сум гурван мянгат малчинтай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-01-12 16:00:33

Дундговь аймгийн Дэлгэрцогт сум 94 жилийн түүхтэй. Түүхэндээ анх удаа 3 мянгаас дээш толгой мал тоолуулсан малчин өрхтэй болжээ.

Тодруулбал, тус сумын 1- р багийн малчин Б. Тагарваа 2016 оны эцэст 3100 толгой мал тоолуулсан нь сумынхаа хамгийн олон малтай өрх, ингэхдээ 3 мянган толгой мал тоолуулсан анхны малчин болжээ.

Б. Тагарваагийнх таван хошуу малтай. Мал сүргээ таван төрөл дээр нь өсгөж, мал аж ахуйн хөгжилд оруулж буй хувь нэмрээ үнэлүүлж аймгийн сайн малчин цол өргөмжлөлөөр шагнуулсан байдаг. Энэ удаад тэрээр Монгол Улсын аварга малчинд Дундговь аймгаас тодорхойлсон 6 малчны нэг болсон байна.

Дундговь аймагт 1000 болон түүнээс дээш толгой малтай 602 өрх бий.  Үүн дотор 2000 болон түүнээс дээш толгой малтай 52 өрх байгаагийн 8 нь 3 мянгаас дээш толгой мал тоолуулсан. Үүний нэг нь Дэлгэрцогт сумын түүхэнд бичигдэн үлдэж байгаа малчин Б. Тагарваа болж байна.

Т. Отгонтуяа         

Холбоотой мэдээ