АИХ-ын депутат 25 жилийн дараа сонгогчидтойгоо уулзлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймагт шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойгоор 25 жилийн дараа АИХ-ын депутат анх удаа сонгогчидтойгоо уулзлаа.
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны түүхт Үндсэн хуулийг сурталчлах, өмнөх хуулиудаас онцлог давуу талуудыг хүүхэд залууст танин мэдүүлж түгээн дэлгэрүүлэх, тэрхүү хуулийг батлахад гар бие оролцож явсан Өмнөговь аймгаас сонгогдсон Ардын Их Хурлын депутатуудыг алдаршуулах хүндэтгэл үзүүлэх зорилгоор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар хамтран олон арга хэмжээг зохион байгууллаа. Үүний нэг нь дээрх уулзалт байлаа. Номгон суманд АИХ-ын депутат Б.Зандрааг сонгогч иргэдтэйгээ үзэл бодлоо хуваалцах уулзалтыг амжилттай зохион байгуулсан байна. Энэ үеэр АИХ-ын депутат Б.Зандраа “Манай аймгаас Ардын Их Хуралд 14 депутат сонгогдож, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлалцахад гар бие оролцож явсан. Шинэ үндсэн хууль нь өмнөх хуулиудаас олон зүйлээрээ онцлог хууль болсон бөгөөд тухайлбал хүний эрхийг дээдэлсэн, Монгол Улсын үнэт баялаг мал сүргээ хамгаалсан заалтуудыг нэмж өгсөн гэдгээ онцлог юм” гэлээ.
Шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойгоор тус аймагт үндэсний бөхийн барилдаан болж нээлтэд нь тус аймги йн удирдлагуудаас гадна шинэ үндсэн хуулийг батлалцаж явсан АИХ-ын депутат Ж.Буд, Д.Даргахүү нар оролцсон байна. Барилдаанд хүчит 48 бөх бяр хүчээ уралдуулан уран барилдаанаар үзэгч олноо баясгаснаар Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харъяат Зэвсэгт Хүчний Алдар спорт хороо, Энхийг сахиулах 350-р анги, Ажнай корпорацийн бөх улсын начин Ц.Одбаяр 3 дахь жилдээ түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харъяат Орхон аймгийн Хангарьд спорт хороо, Их богд дэвжээний бөх аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү үзүүрлэн, их шөвгийн гуравт Өмнөговь аймгийн Булган сумын харъяат Зэвсэгт Хүчний Алдар спорт хорооны бөх аймгийн хурц арслан Б.Мижидсүрэн шалгарчээ.
Тус барилдааны дунд шөвөгт Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харъяат аймгийн арслан Ш.Дарханбат, Баянхонгор аймгийн Заг сумын харъяат цэргийн арслан Д.Цэрэнтогтох, Өмнөговь аймгийн Баяндалай сумын харъяат аймгийн начин Т.Төгсдөлгөөн шалгарлаа.
Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар хамтран уг өдрөөр шинэ үндсэн хуулиа сурталчлах, хүүхэд залууст түгээн дэлгэрүүлэх зорилгоор олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн бөгөөд “Үндсэн хууль миний амьдралд” илтгэл эссэ бичлэгийн уралдаан зэрэг олно талт ажлуудыг зохион байгууллаа.
Д.Мишигсүрэн