Тогоочдын ур чадварын уралдаанд Өмнөговь аймаг тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-09-24 12:04:37

Даланзадгад, 2025 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Говийн болон зүүн бүсийн аймгуудын аварга тогооч, зөөгч шалгаруулах "Буурч цом-2025" ажил мэргэжлийн уралдааныг энэ сарын 18-19-ний өдөр Даланзадгад суманд зохион байгуулж, таван аймгийн 150 гаруй тогооч ур чадвараараа өрсөлдлөө.

 

Ур чадварын уралдааныг 14 төрлийн номинацаар явуулж, нийлбэр дүнгээр Өмнөговь аймаг тэргүүлж, шилдэг зохион байгуулалттай аймгаар Сүхбаатар аймаг шалгарсан бол дараагийн уралдааныг Дундговь аймагт зохион байгуулахаар шийджээ.

 

Үйл ажиллагааны хүрээнд эрт үеэс уламжлагдан ирсэн монгол цайны соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Цайны ёслол”-ыг зохион байгуулж, нутгийн хөрсөнд ургасан эмт ургамал, онцлог амттангаар баяжуулсан цай, идээ будаагаа урлан засаж, өв соёл, уламжлалаа сурталчлан өрсөлдсөн нь өвөрмөц онцлох хэсэг байж олны талархлыг хүлээжээ.

 

Мөн мастер тогооч нарын бэлтгэсэн хоолны амталгаа, мастер класс сургалт, орон нутгийн онцлогтой идээ ундааны үзэсгэлэн зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж, 1500 гаруй иргэнд хоол амталгаагаар үйлчилж, 150 гаруй тогоочийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэн сургалтад хамрууллаа.

 

Сургалтыг “Оюутолгой” ХХК болон катерингийн үйлчилгээ эрхэлдэг “Bluefin” ХХК хамтран бүтэн хонины махыг ангилан ялгах аргачлал, түүгээр рестораны зэрэглэлийн хоолыг хэрхэн шинэлэг, амархан аргаар бэлтгэх талаар зааж, оролцогчдод шинэ санаа, шинэлэг шийдлийг олгожээ.


Өмнөговь аймгийн Тогоочдын холбооны тэргүүн Ц.Мэнд-Ооёо:

-Зүүн болон говийн бүсийн долоон аймгийн дунд зохион байгуулсан “Буурч цом-2025” ур чадварын уралдааныг Даланзадгад суманд зохион байгууллаа. Монгол Улсын хэмжээнд 3 хэсэгт хуваан зохион байгуулдаг томоохон уралдааны нэг нь болж байгаа юм. Энэхүү тэмцээнээр тогооч нар өөрийнхөө ур чадварыг нэмэх, хөгжүүлэх боломж бололцоогоор хангагддаг. Тэмцээний өрсөлдөөн маш ширүүн боллоо. Ер нь аль нэг аймгийг онцлохоос илүү бүх аймаг жигд оролцоотой байлаа. Аймаг болгоноос л алтан цом төрж байна. Тус уралдааныг зохиосноор орон нутгийн тогоочдын ур чадвар нэмэгдэж, хоол үйлдвэрлэл хөгжих шинэ шатанд гаргах бас нэг том боломж юм. Ерөнхий зохион байгуулагчаар Өмнөговь аймгийн тогоочдын холбоо, ивээн тэтгэгчээр Өмнөговь аймгийн ЗДТГ хамтарч ажиллалаа. Мөн Даланзадгад сумын ЗДТГ зохион байгуулалтаар бүрэн хамтарч ажилласан. Дэмжиж ажилласан бүх байгууллага хамт олондоо чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

  

Сүхбаатар аймгийн оролцогч М.Оюунгэрэл:

-Энэхүү уралдаанд Сүхбаатар аймгийн тогоочдын холбоо бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж оролцлоо. Уралдаан тэмцээн зохион байгуулалт сайтай болж байна. Миний хувьд сэтгэгдэл өндөр байна. Би нарийн боовны чиглэлээр алтан медаль авч нэгдүгээр байрт шалгарсан. Ер нь Сүхбаатар аймгийнхан бүгд л медаль авлаа. Жишээлбэл, 3 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль 3 хүртлээ. Ганзага дүүрэн буцаж байна. Өмнөговь аймагт ирж үйл ажиллагаанд оролцсоноороо олон зүйлийг мэдэж сурч авсан. Энэ үеэр үзэсгэлэн худалдаа нээгдэж байхтай таарч бид нарын өмнө харж байгаагүй маш сонин содон зүйлс олон дэлгэжээ. Би өөрөө үйлдвэр эрхлэгч хүн. Эндээс олон шинэ санаа, шинэлэг шийдлийг олж харлаа. Маш их баярлалаа.





Холбоотой мэдээ