Хонины цэцэг өвчин даамжирч, 5 сум хорио цээрийн дэглэмтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬХонины цэцэг өвчний улмаас Дундговь аймгийн 5 сумын нутагт хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Адаацаг, Эрдэнэдалай сумаас гадна урьд нь хонины цэцэг өвчин гарч байсан Цагаандэлгэр, Баянжаргалан, Говь- Угтаал сумын нутагт хорио цээрийн дэглэм дахин тогтоожээ.
Дээрх сумдын нутагт өвчний 11 голомт үүссэн бөгөөд 17 өрхийн нийт 649 хонь өвчилж, үүнээс 292- ийг нь устгаад байгааг аймгийн ХХАА- н газрын мал эмнэлэгийн хэлтсийн дарга Ц. Гэрэл хэллээ. Устгах шаардлага хонинууд дахиад бий гэсэн юм.
Өнгөрсөн сарын сүүлчээр 340 гаруй мянган тун вакцин Дундговь аймагт ирсэн. Үүн дээр өнгөрөгч долоо хоногт 651 мянган тун вакцин нэмж ирснийг хорио цээрийн дэглэм тогтоосон дээрхи сумаас гадна өвчлөл гараагүй байгаа Дэлгэрхангай, Хулд, Луус, Сайхан- Овоо суманд хуваарилан, вакцинжуулалтыг эхлүүлсэн байна.
Түрүүнд ирсэн вакцинаас 240 мянган тунг Эрдэнэдалай сумын хонин сүрэгт тарьж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар вакцинжуулалт 80.5 хувьтай. Нэмэгдэж ирсэн вакциныг 9 сумын хонинд хийж эхэлсэн бөгөөд вакцинжуулалт 30 гаруй хувьтай байгааг Мал эмнэлэгийн хэлтсээс мэдээлсэн юм. Вакцинжуулалтыг 40 малын эмч, 103 туслах ажилчин бүхий 38 ажлын хэсэг хийж байна.
Хонины цэцэг өвчин нэмэгдэж гарсаар байгаа нь отор нүүдэл, малын шилжилт хөдөлгөөн их, түүнд тавих хяналт сул байгаа, нөгөө талаар малчид өвчний шинж илэрсэн ганц нэг тохиолдлыг нуун дарагдуулж өнгөрөх гэснээс ийнхүү даамжруулж байгааг холбогдох байгууллагаас анхааруулж байна.
Т. Отгонтуяа