Дархан-Уулд 166 албан тушаалтан ХАСХОМ гаргана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсээс эрхлэн тус аймгийн төрийн захиргааны байгууллагын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ тайлагнах үүрэгтэй албан тушаалтнуудад сургалт явуулав.
Тус аймгийн хувьд төрийн захиргааны 166 албан тушаалтан ХАСХОМ-ээ гаргаж мэдүүлнэ. Тэд ирэх сарын 15-ны дотор мэдүүлгээ онлайн буюу цахим хэлбэрээр тайлагнах юм байна. Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Г.Энхсайхан:-“Авлигатай тэмцэх газраас хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны 2016 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах, хянах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулдаг. Тайлан, мэдээнд дурдагдсан хуулийн хугацаанд мэдүүлгээ гаргаж өгөөгүй болон хугацаа хожимдуулж мэдүүлсэн албан тушаалтнуудад “Авлигын эсрэг хууль” болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Тухайлбал: Хуульд заасан хугацаанд тайлангаа ирүүлээгүй, хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хяналт тавих үүргээ биелүүлээгүй бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувь бууруулах зэргээр хариуцлага тооцох юм” гэв.
Б.Норовсамбуу