ДАРХАН-УУЛ: Хэлний түвшин, шалгалтын оноо шаардахгүйгээр БНСУ-д суралцах боломж нээгдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-08-26 17:54:27

Дархан, 2025  оны наймдугаар сарын 26 /МОНЦАМЭ/.  Дархан сумын ЗДТГ болон БНСУ-ын Күнсан үндэсний их сургууль хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд “Back to Darkhan” төслийг хэрэгжүүлэх тус улсад хэлний бэлтгэл, элсэлтийн шалгалтын оноо хамаарахгүйгээр сурах боломж нээгдэж байна.




Төсөлд хамрагдаж БНСУ-ын Күнсан үндэсний их сургуульд суралцаж төгссөн бол Дархан хотдоо ирж ажиллах нөхцөлийг тавьж байгаа аж.



Төсөл хараахан эхлээгүй бөгөөд эхний удаад хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан бол дараагийн шатанд төлбөрийн нөхцөл, тэтгэлэг, тавигдах шаардлагыг хамтран боловсруулах юм.




Ерөнхий боловсролын сургууль төгссөн их, дээд сургуульд элсэж буй сурагчид, их, дээд сургуулийн хоёр, гуравдугаар дамжааны оюутнууд, төрийн албан хаагчид болон тусгай мэргэжлийн хүмүүс уг төсөлд хамрагдах боломжтой гэдгийг төслийн санаачлагч Дархан сумын засаг даргын орлогч Б.Мөнх-Эрдэнэ онцолж байлаа.



Дархан хотод эргэн ирж ажиллах нөхцөлтэй уг төсөлд хамрагдсанаар тус улсад хэлний бэлтгэл, шууд шилжин суралцах хугацаандаа ажиллах, олсон орлогоороо төлбөрөө төлөх, ямар мэргэжлээр суралцсан гадаад хэлний топик оноо шаардахгүй гэдгээрээ онцлог гэдгийг тодотгов.




Эхний удаад эрчим хүч, уул уурхай, инженер, техник, технологийн чиглэлээр оюутан илгээх хүсэлтэй байгаагаа Дархан сумын удирдлагууд уулзалтын үеэр санал болголоо. Цаашид суралцах мэргэжил, оюутны тоо зэрэгт хязгаар тавих эсэхэд харилцан ярилцаж шийдвэрлэхээр боллоо.

Холбоотой мэдээ