Аймгийн дарга нар хот дотор Приүс машин унаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Орлогч дарга Ц.Батболд нар хот доторх албан хэрэгцээндээ приүс автомашиныг унаж эхлээд байна.
Орлогч даргын хувьд өнгөрсөн оны 5-р сард “Элбэг өгөөж” өрхийн эмнэлэгт нийлүүлэгдсэн боловч албан хэрэгцээнд ашиглагдахгүй байсан Приус-20 маркийн автомашиныг аймгийн ЗДТГ-т балансаас балансад шилжүүлэн авчээ. Уг автомашин нь 2008 онд үйлдвэрлэгдсэн, 81 мянга 460 км-ийн гүйлттэй, 10 сая төгрөгийн үнэтэй аж. Харин аймгийн Засаг даргын хувьд өнгөрсөн сарын 28-нд Улаанбаатар хотоос Приүс-30 маркийн автомашиныг 9 сая 950 мянган төгрөгөөр худалдан авч хот доторх албан хэрэгцээндээ унаж байна.
“Улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед төсөв хэмнэж болох ямар боломж нөхцөл байна тэр болгоныг төр захиргааны байгууллага, төрийн албан хаагчид ажил хэрэг болгох ёстой. Албан хэрэгцээнд үүрэг гүйцэтгэж буй автомашинуудын шатах, тослох материал, урсгал засварын зардлыг хэмнэх зорилгоор аймгийн удирдлагууд зарцуулалт багатай автомашинаар ажил үүргээ гүйцэтгэж байна” хэмээн Засаг дарга Д.Батсайхан онцоллоо.
Жилийн турш жийп машинаас татгалзан приүс машинаар ажил үүргээ гүйцэтгэвэл 12.1 сая төгрөгийн хэмнэлт гарах аж. Тэгвэл энэ хоёр приүс автомашин жилдээ 24.2 сая, дөрвөн жилд 96.8 сая төгрөгийн хэмнэлт гаргах юм байна. Энэ мэтчлэн бүх төсөвт байгууллагууд хэмнэлтийн горимд шилжин ажиллаж болох аж.
Харин аймгийн дарга нар албан ажлаар хөдөө явахдаа жийп хөлөглөх юм байна.
Б.Батхүү