Завханы бүсгүйчүүд уран хатгамлын бүтээлээрээ үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2017-01-18 17:27:50

“Хамтын хүч-хөгжлийн гарц” чуулга уулзалт нь анх 2015 онд зохион байгуулагдаж байсан. Анхны чуулганаас МЭХ-ны Завхан дахь салбараас санаачлан аймгийнхаа эмэгтэйчүүдэд монгол үндэсний уран хатгамал, зүү ороох, загасан нуруу оёог зааж сургах жилийн аяныг өрнүүлжээ.

Энэхүү аян, сургалтыг аймгаас бодлогоор дэмжиж 24 сумын иргэний танхимд 1300 аад эмэгтэйчүүд чөлөөт цагаараа суралцаж суралцах явцдаа бүтээл урлаж жилийн эцэст үзэсгэлэн худалдааг зохион байгуулах зорилго тавьсан байна. Энэхүү зорилго нь Завхан аймгийг 2016 онд хөгжүүлэх өрх бүрийг үйлдвэрлэгч болгох зорилттой уялдаж аймгийн Засаг даргын ивээл дор энэ сарын 15-17-ны өдрүүдэд 2300 орчим бүтээлийн үзэсгэлэн худалдаа Улиастайд зохион байгууллаа.

Үзэсгэлэн худалдааны үеэр хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн нь хөөрөгний даалин, хавтага байв. Завханы 24 сум бүрээс 15-34 даалин, хавтага ирсэн байна. Битүү зүү ороох оёдлоор оёсон хөөрөгний даалин нь материал, хэмжээ, хээнээсээ шалтгаалан даалин 150000-аас 2000000 төгрөгийн үнэтэй байв.

 

Мөн үзэсгэлэнгийн хамгийн ахмад оролцогч нь 73 настай Отгон сумын иргэн Н.Лхамсүрэн булигаран дээр зүү ороож шивж оёсон эмэгтэй эрэгтэй бүс, цүнх монгол гутал урлажээ. Харин битүү зүү ороох оёдлоор оёсон хээ бүхий монгол гутал үзэсгэлэнгийн хамгийн үнэтэй, хамгийн их хугацаа ур шаардсан бүтээл болжээ. Гутлын үнэ нь 600 ямнгаас 2 сая 300 мянган төгрөгөөр зарагдаж байв. Харин хүүхдийн гутал 60-120 мянган төгрөгөөр борлуулагджээ. Завханы Отгон сумын иргэн н.Гандолгорын гурван сар оёсон Очирвааний бүсгүйчүүд дууг монгол бичгээр зүү ороож оёсон, Отгонтэнгэр хайрхан нар сар, эрдэнэсийг зээгт наамлаар наасан бүтээл хамгийн онцлог бүтээгдэхүүнээр тодорчээ.

Мөн Улиастай сумын уран гарт бүсгүйчүүд Жалханз хутагтын IX дүр Данзэнчойжийванчүгт зүү ороож оёсон хүрэм бэлэглэснийг хутагт өөрөө өмсөж уран гарт бүсгүйчүүдийн ажилд амжилт хүсч, үйлэнд нь ерөөл өргөжээ.

“Хамтын хүч-хөгжлийн гарц” нэртэй хоёр дахь чуулганы үеэр зохион байгуулагдсан уран хатгамалын анхны үзэсгэлэн худалдаагаар 46808500 төгрөгний борлуулалт хийжээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ