"Дэлхийн хүнсний өдөр”-ийг хөдөөгийн ядуурлыг бууруулахад чиглүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-10-16 17:34:44

“Дэлхийн хүнсний өдөр” өнөөдөр тохиож байна. “Дэлхийн хүнсний өдөр”-ийг “Нийгмийн хамгаалал ба хөдөө аж ахуй: Хөдөөгийн ядуурлыг бууруулах нь” сэдвийн хүрээнд тэмдэглэж буй юм.

Дэлхийн улс орнууд сүүлийн жилүүдэд өлсгөлөнтэй тэмцэх үйлсэд бодит дэвшил гаргасаныг НҮБ-ын ХХААБ-аас хийсэн судалгаанд дурджээ. Судалгаанаас үзвэл 129 орны 73 нь 2015 онд хоол тэжээлийн дутагдлыг хоёр дахин бууруулах Мянганы хөгжлийн зорилтдоо хүрсэн байна. Мөн хөгжиж буй орнуудад хэт өлсгөлөнд нэрвэгдэж буй хүн амын эзлэх хувь 1990 онд 43 хувь байсан бол энэ онд 17 хувь болж мэдэгдэхүйц буурчээ. Гэсэн хэдий ч дэлхий даяар 800 сая гаруй хүн байнгын өлсгөлөн байдалтай, тэрбум хүн нэн ядуу хэвээр байна. Дэлхийн хэмжээнд ядуусын 80 гаруй хувь нь хөдөө орон нутагт амьдардаг учраас хөдөөгийн ядуурлыг бууруулах асуудалд онцгойлон анхаарах шаардлага тулгараад байгааг онцолжээ.
Харин манай улсад ядуурлыг бууруулахад чиглэсэн нийгмийн хамгааллын хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж буйг албаныхан хэллээ. “Монгол дахь нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн үр шим хүртэгчдийн байдалд хийсэн дүн шинжилгээ" тайлангаас харахад нийт нийгмийн халамжийн сангийн зарцуулалтын 56 хувь нь амжиргааны түвшнээс доогуур орлоготой буюу эмзэг бүлгийн өрхийн гишүүдийн 40 хувьд ногддог бол, дундаж түвшний амьдралтай өрхийн 40 хувь нь нийгмийн халамжийн шилжүүлгийн 28 хувийг хүртдэг гэсэн үзүүлэлт гарчээ. 
Статистикийн үндэсний хорооны 2014 оны тайланд дурдсанаар ядуурлын түвшин 21.6 хувь байгаагийн 26.4 хувь нь хөдөөд ногдож байгаа юм. Байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтай манай оронд зудтай үед энэ тоо огцом өсдөг болох нь дараах тоо баримтаас харж болохоор байна.  Ядуурлын түвшин 2009 онд 49.6, 2010 онд  56.1 хувьд хүрч байжээ. Тэгвэл энэ жил ихэнх нутгаар гантай зун болж, ирэх өвөл цаг агаар хүндрэх төлөвтэй байгааг албаныхан  анхаарууллаа.

 Б.Заяа

Холбоотой мэдээ