Гуравдугаар эмнэлэг хурлын танхимаа шинэчлэн засварлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
mn_tuul@montsame.mn
2017-01-20 15:06:43

Улсын Гуравдугаар төв эмнэлэг хурлын танхим, дээвэртээ их засвар хийлээ.

Хурлын танхим нь баригдсан хугацаанаасаа хойш их засвар хийгдээгүй, зун намрын борооны улиралд дээврийн хэсгээс дусаал гоождог, өвлийн улиралд хана таазнаас дулаан алддаг, хурал семинар хийхэд хүндрэлтэй байсан.

“Зүрх судасны төв, эх, нярайн эрүүл мэнд ба цахим эрүүл мэндийн өргөжилт МОН005” төслийн хүрээнд Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг (Lux-Dev)-ийн санхүүжилтээр уг засварыг хийсэн байна. Их засварын хүрээнд дохиолол, салхивч гэрэлтүүлэг мэдээллийн системийг иж бүрэн шинэчлэн, дуу дүрсний орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэн засварлажээ. Ингэснээр 280 хүний суудалтай хурал, семинар, сургалт явуулах таатай орчин бүрдсэн аж.

Хурлын танхимын их засвар, дээврийн засвар үйлчилгээний зураг төслийг “Өрнөл проект” ХХК хийж, засал тохижолтын ажлыг “Далу” ХХК зургаан сарын хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэжээ.

Б.Гаваа

Холбоотой мэдээ