Бүх Оросын сэтгүүлчдийн уралдааны шагналыг “Аист –Монголиа” ТВ-ийн сэтгүүлч хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2015-10-16 19:21:17

Бүх Оросын  сэтгүүлчдийн  “Бизнес: түүх, -тулгамдсан асуудал, амжилт “ уралдааны шагнал гардуулах ёслол  энэ сарын 15-нд Москва хотын “Страстной бульвар дахь” Театрын төвд боллоо. Манай улсын анхны гадаадын телевиз болох “Аист-Монголиа” телевизийн  сэтгүүлч Александра Кашурникова тус уралдааны  гуравдугаар байрын шагналыг  "Телевиз, радиогийн  бизнесийн тухай нэвтрүүлэг” номинацид “Середина земли” буюу "Газрын төв" хөтөлбөрөөр хүртэж 30 мянган рубль хүртэв.  

”Стратеги санаачилгын агентлаг “ / “Агентство стратегических инициатив” АСИ / -аас  Оросын  мэдээллийн ТАСС агентлагийн дэмжлэгтэй  эрхлэн явуулдаг сэтгүүлчдийн уралдааны гол зорилго хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн төлөөлөгчдийн анхаарлыг ОХУ-ын бизнесийн  болон хөрөнгө оруулалтын уур амьсгал руу татах,  2015 оны сэтгүүлчдийн шилдэг  нийтлэлийг тодруулахад оршив. 

Уралдаан 6 номинацаар болж 85 бүс нутгийн 1500 сэтгүүлч  бүтээлээ ирүүлжээ. Өнгөрсөн жил тус уралдаанд 60 орчим бүс нутгийн 400 сэтгүүлч өрсөлдөж байв. Энэ жилийн уралдааны  материалыг  2015 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хүлээн авчээ.

Номинаци тус бүр нь 180.000 рублийн шагналын сантай уралдааны тэргүүн байр 100.000 рубль,  удаах байр нь 50.000, гутгаар байр нь 30.000 рубль байв.

“Орос улсын бизнесийн буюу хөрөнгө оруулалтын уур амьсгалын  тухай” хэвлэлийн  материал /сонин , сэтгүүл/, “Бизнесийн тухай Интернет ХМХ буюу  мэдээллийн агентлагийн сайт болон блогууд", "Бизнесийн тухай телевиз,  радио нэвтрүүлэг”, “Бизнес кейс”, ”Боловсон хүчний асуудал”, "Бизнес болон хөрөнгө оруулалтын материалд оруулсан  гэрэл зураг “ гэсэн номинацаар сэтгүүлчдийг шалгаруулжээ.

 “Бизнесийг дэмжих нь бидний үүрэг юм. Бүхий л  үг, өгүүлбэр, тоо  баримтын цаана чухамдаа хүн байдаг. Тэдгээр хүмүүс  нийгэмд  нэр хүндтэй байр суурь эзлэх нь бидэнд хамгаас чухал” хэмээн "АСИ" агентлагийн ерөнхий захирал А.Никитин  ёслолын арга хэмжээний үеэр баяр хүргэж хэлсэн үгэндээ тэмдэглэсэн юм.

Гуравдугаар байрын шагналт Александра Кашурниковагаас МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч А.Огторгуймаа сэтгэгдлийг нь сонсчээ. Тэрбээр  “Би өнөөдөр Бүх Оросын сэтгүүлчдийн нэр хүндтэй шагналыг гардаж авсандаа туйлын баяртай байна. Москвад энэ арга хэмжээн дээр Монголын сэтгүүлчтэй танилцсандаа давхар баяртай байна. Манай "АИСТ" телевиз Монгол улсад “Аист Монголиа” нэрээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Мөн  бид гурван улсад  энэхүү телевизийн төслөө  амжилттай  хэрэгжүүлж ирлээ. Өнөөдрийн энэ шагнал бол манай үзэгч олны урмаар бүтээсэн нэвтрүүлгийн маань үр дүн гэж хэлмээр байна. Би Монголд очих дуртай, Монголын үзэгч олондоо сайн сайхныг  хүсье” гэв.

 

Москва хот. А.Огторгуймаа     

Холбоотой мэдээ