Хөвсгөлийн 368 өрхөд мөнгөн тусламж үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-01-23 17:19:51

Хөвсгөл аймгийн хэмжээнд  нийт нутгаар цасан бүрхүүлтэй байгаа бөгөөд 18 суманд өвөлжилт хүндэрчээ. Өвөлжилт хүндэрсэн сумуудаас 368 өрхийг сонгон Монголын улаан загалмайн нийгэмлэгээс өрх тус бүрт 245 мянган төгрөгийг бэлнээр олгохоор болжээ.

Аймгийн улаан загалмайн хорооноос малчдад хамгийн их юу шаардлагатай байгаа талаар судалгаа явуулахад бэлэн мөнгө, хүчит тэжээл, дулаан гутал, хүнс, анхны тусламжийн болон эмийн хэрэгсэл нэн шаардлагатай байгааг дурьджээ. Дээрх өрхүүдийг орон нутгийн Засаг захиргааны холбогдох хүмүүс газар дээр нь судалгаа явуулж туслалцаа олгох өрхүүдийг сонгосон бөгөөд 2 сарын эхээр малчдын дансанд мөнгө нь бэлнээр орох аж.

Мөн өмнөх жилүүдэд хамгийн их гал түймэрт өртсөний улмаас 108 өвөлжөө шатаж 56 өрх хүнд байдалд орсон Цагаан-Үүр суманд залуу малчдын нөхөрлөлийг бий болгож улсын хэмжээнд загвар болох нэг өвөлжөөг Монголын улаан загалмайн хорооны хөрөнгөөр барьж өгөхөөр болжээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ