"Сэрэлт-2” эмч нарын реалити шоу үзэгчийн саналаар ялагчаа тодруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dogsom@montsame.mn
2017-01-27 12:24:37

Монголын “алтан гартай” эмч нар өөрсдийн гэсэн реалити шоутай болж, долоо хоног бүрийн пүрэв, баасан гаригийн орой 25 дугаар суваг телевизээр үзэгчдийн хүртээл болгож байна.

Тэд шоугаа "Сэрэлт- 2" хэмээн нэрлэсэн бөгөөд 1957 онд бүтээсэн "Сэрэлт" киног монголчууд андахгүй. Кино зохиолын санаа нь хэт их шашинжсан, мухар сүсэгт автсан Монголын ард түмний сэтгэлгээнд орчин үеийн анагаахын шинжлэх ухаан, эмчийн ач  тусыг ойлгуулан таниулахад чиглэж байсан билээ.

Энэхүү шоу ч бас нэгэн жарны дараа мөнхүү ийм л зорилтыг тавин цэнхэр дэлгэцээр үзэгчидтэйгээ уулзаж байна.

Шоунд "Анхдагч, Манлайлагч" багт Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Давгажанцан, Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Г.Мөнхболд, Эрчимт эмчилгээний тасгийн их эмч Б.Батцэцэг, "Шонхрууд" багт Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн нөхөн сэргээх тасгийн их эмч А.Ерлан, Гавал тархи, нуруу нугасны тасгийн их эмч Н.Содбилэг, Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлэлтийн тасгийн их эмч Г.Ариунболд, "Шастины Залуучууд" багт  Шастины нэрэмжит  улсын Гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судлал, зүрхний шигдээсийн тасгийн их эмч Х.Батмягмар, Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч О.Янжив, Эрчимт эмчилгээний нэгдсэн тасгийн их эмч Д.Цагааннараас бүрдсэн гурван баг хоорондоо өрсөлдөж байна. 

Реалити шоу 9 дугаараар үзэгчдийн хүртээл болох бөгөөд өчигдөр орой 21.30 цагаас оролцогч есөн эмч хөдөө орон нутаг руу алсын дуудлагт явж эмнэлгийн тусламж үзүүлж буй тухай долоо дахь дугаараа хүргэлээ. Гэмтлийн эмч нарын баг Ховд аймагт дуудагдаж тархиндаа хүнд гэмтэл авсан, хот руу тээвэрлэх боломжгүй өвчтөнд газар дээр нь тархины мэс засал ажилбар хийсэн бол Улсын гуравдугаар эмнэлгийн “Шастины залуучууд” багийнхан Дархан хотоос гүрээний судасны архаг нарийсалтай өвчтөнийг яаралтай тээвэрлэн авчирч тэр даруйдаа ангиографын шинжилгээг өөрсдөө гардан хийж нарийссан судсанд стент тавьж өвчтөнийг цус харвах эрсдлээс аварлаа. Харин Улсын Нэгдүгээр эмнэлгийн эмч нарын баг Төв аймгийн нэгдсэн эмнэлгээс хоёр ч өвчтөнг яаралтай тээвэрлэж, нэгийг нь зайнаас бөөрний чулуу бутлах хагалгаанд оруулав. Нөгөө өвчтөний хувьд хорхойтсон шүдээ авахуулсны дараа үүссэн үрэвслийг даамжруулснаас эрүүнд идээт үрэвсэл үүссэн байсныг мөн эрүү нүүрний мэс заслын тасагт шилжүүлсэн хоёр төрлийн хагалгаа амжилттай болсон юм.

Өмнөх дугааруудад эмч нар өөрсдийн ажилладаг эмнэлгүүдийн яаралтай тусламжийн төв, түргэн тусламж, сэхээн амьдруулах болон хүүхдийн тасгуудад ажиллаж,  эмч, эмнэлгийн ажилтнуудын амьдралыг халуун цэгээс нь  харуулсан. Олон  нийтийн  дунд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн талаар сөрөг мэдээ мэдээлэл илүүтэй цацагдах болсон өнөө үед  ард түмнийхээ эрүүл энхийн манаанд цаг наргүй зүтгэж яваа тэдний нөр их хөдөлмөрийн талаар эерэг мэдээлэл өгөх,  эмч нарын ур чадвар, эрүүл мэндийн дэвшилтэт шинэ техник, технологи, ололт амжилтыг сурталчлах, эмч, эмнэлгийн мэргэжилтний ажлын ачаалал, өдөр тутмын үйл ажиллагааг иргэдэд таниулан эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, шинэ санал, санаачилгыг түгээн дэлгэрүүлэх зайлшгүй шаардлага гарч байгаа билээ” хэмээн реалити шоуг санаачлагч Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөн танилцууллаа.

Одоогийн байдлаар шоуны зураг авалт өндөрлөх шатандаа явж байгаа бөгөөд хоёр дугаарын дараа ялагчаа тодруулах юм.

Сүүлчийн хоёр дугаарын дараа 141525 тусгай дугаарт багийн дугаараар үзэгчдийн саналыг хүлээн авна. Дашрамд дурдахад нэг дугаараас нэг л санал авах ажээ.

Б.Амарсайхан 

 

 

Холбоотой мэдээ