Бензиний үнэ 100 төгрөгөөр нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-01-31 12:48:27

Увс аймагт бензин шатахуун гаднаас оруулж ирж зардаг компаниуд энэ сарын 28-аас эхлэн бензинийхээ үнийг 100 төгрөгөөр нэмэгдүүлээд байна.

Ингэснээр А-80 бензин нэг литр нь 1650 төгрөг, А-92 бензин нэг литр нь 1760 төгрөг, дизель түлш нэг литр нь 1890 төгрөгөөр худалдаалагдаж байна. Тус аймагт “НИК-Петровис”, “Тэс Петролиум”, “Магнай трейд” компанийн салбарууд болон орон нутгийн “Ундарга-Увс”, “Баялаг-Увс”, “Боршоо-Увс” компаниуд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Газрын тосны газрын Увс аймаг дахь төлөөлөгч А.Баянмөнхөөс бензин шатахууны үнэ яагаад гэнэт нэмэгдсэн талаар тодруулахад “Баруун аймгуудын хувьд зүүн талын аймгууд шиг бензин шатахууны тал дээр ямар нэгэн хөнгөлөлт төрөөс эдэлдэггүй. Иймээс бензин шатахуун оруулж ирж худалдаалдаг компаниуд алдагдалд ороод удаж байгаа тул үнээ нэмэхээс өөр аргагүй болсон. Ховд аймагт бүр 150 төгрөгөөр нэмэгдсэн” гэсэн тайлбар өглөө.

Увс аймгийн хувьд 100-хан км-ын зайтай орших ОХУ-ын Тува улсын Хандгайт суурингаас бензин шатахуунаа татдаг ч хамгийн өндөр үнээр буюу төвийн бүсээс 100-200 төгрөгөөр илүү үнэтэй бензин хэрэглэсээр байна.

Бензиний үнэ өсөхөөр дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг бичигдээгүй хууль үйлчилж Улаангомын зах, худалдааны төвүүд барааныхаа үнийг нэмж эхлэсэн байна.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ