Онги голын эрэг дэх чацарганын төгөл гуч шахам жилийн түүхтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-02-02 12:24:12

Дундговь аймгийн Сайхан- Овоо сумын Онги голын эрэгт гуч шахам жилийн түүхтэй чацарганын төгөл бий. Говийн хөрсөнд чацаргана тарьж ургуулан санаа сэдлийг бусдад өгч, өөрийн гэсэн үнэ цэнийг илэрхийлэн ургаж байгаа энэ өтгөн төгөл эзнийхээ үр хойчид өвлөгджээ.

Говь нутагт томхон гэж хэлэхүйц чацарганын энэ  төгөл хэрхэн үүссэн тухай арав гаран жилийн өмнө Сайхан- Овоо сумын иргэн Д.Ванчин гуай МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагчид ярьж үлдээсэн байдаг. Түүний ярианд дурьдсанаар, анх 1989 онд сум нэгдлийн дарга Т.Тогоо, ня-бо А.Ганбат нар Булган аймгийн Баяннуураас 1000 ширхэг суулгац авчирсаныг иргэн М.Цэцэгээ нөхөр Бямбаагийн хамт тарьсан гэдэг. Эхний гурван жилийн хамгийн чухал арчилгаа тордолгоог хийгээд ургуулж байтал нэгдэл тарж, өмч хувьчлал эхэлсэн байна. Энэ үеэр чацарганын төгөл эзэнгүйдэж, харж хандах хүнгүй болж эхэлсэн бөгөөд Д.Ванчин гуай түүнийг  тордож ургуулахаар санаа шулуудан 1994 онд хувьчилж авсан тухай хуучилж байсан юм. Тухайн үед 1000 суулгацаас 400 гаруй нь л ургах чадвартай байсныг уйгагүй хөдөлмөрийнхөө үрээр Онги голын эргийг чимэн ногоорох өтгөн төгөл болтол нь ургуулж чадсаны эцэст үр хойчдоо ийнхүү өвлүүлэн үлдээжээ.

Өдгөө түүний үүсгэн байгуулсан “Чацарганын төгөл” хоршоог хүргэн Р. Чинбат уламжлан удирдаж байна. Чацарганын төгөл 3 га талбайд өргөжин тэлж, 2 га орчмоос нь жимс хураан авдаг болжээ.Өнгөрсөн намрын хувьд хоёр тонн шахам чацаргана хураан авч, сумынхаа сургууль, цэцэрлэг, эмнэлэгт чацарганын шүүс бэлдэн өгч байгааг Р. Чинбат сонирхуулсан юм. Нэг кг чацаргана 6 мянган төгрөгийн үнэтэй. Шахаж гаргасан шүүс 600 граммаар савласныг 4 мянган төгрөгөөр худалдаалдаг байна. "Чацарганын төгөл"- ийн чацаргана аймгийн төвийн иргэдэд ч эрэлттэй бүтээгдэхүүн болжээ.

“Чацаргана маань нутагшчихсан болохоор нарийн арчилгаа нэг их шаардаад байдаггүй. Усалгаа ч төдийлөн орохгүй. Зөнгөөрөө их сайхан ургана. Намар жимс хураах үед сумынхаа иргэдийг түр ажлын байраар ханган ажиллуулдаг. Сургуулийн ахлах ангийн хүүхдүүд ч бас жимс хураалцах дуртай. Нэг кг чацаргана хураахад 1800 төгрөгийн хөлс өгдөг” хэмээн Р.Чинбат ярилаа. Жимсээ 8 дугаар сарын сүүлчээс эхлэн хурааж, аравдугаар сард дуусгадаг. Энэ өвөл цаг агаар дулаан байгаа болохоор саяхан нэгдүгээр сар гэхэд үлдэгдэл жимсээ хурааж л байлаа гэв.

Т. Отгонтуяа 

 

Холбоотой мэдээ