Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалаа нөхөн төлүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын гишүүн С.Чинзоригоос өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд батлав.
2012 онд баталсан Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийн дагуу хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэдийн 1990-1995 оны ажиллаагүй тасалдсан хугацааг ажилласнаар нөхөн тооцож, 1995-2000 оны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх арга хэмжээ авсан. Гэвч тус хуулинд малчдыг бүрэн дүүрэн хамруулаагүй хэмээн үзсэн тул хуулийн төслийг боловсруулжээ.
Хууль ийн батлагдсанаар 491.6 мянган хүн хамрагдах ба нийт малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид бүрэн хамрагдсан тохиолдолд 566.4 тэрбум нийгмийн даатгалын санд төвлөрнө гэж тооцсон байна. Харин 1995 оноос хойшхи хугацаанд мал маллаж байгаа болон хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэд даатгалаа нөхөн тооцуулах юм.
Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлснөөр тэтгэврийн зардал тодорхой хэмжээгээр нэмэгдэх боловч цаашид шимтгэлээ үргэлжлүүлэн төлж даатгалд тогтвортой хамрагдсанаар тэтгэврийн даатгалын сангийн орлого нэмэгдэхэд нөлөөлөх аж.
Хууль ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжинэ.
Б.Туул