Дундговийн харваачид нэгэн дээвэр дор нэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ800 гаруй жилийн тэртээд Есөнхээ мэргэн 335 алд газар харван байг онож тогтоосон дээд амжилтыг бахархан тэмдэглэж, хөшөө чулуунд сийлүүлсэн нь Чингисийн чулууны бичиг гэж алдаршсан гэдэг. Энэ нь сурын спортод зориулсан дэлхийн анхны хөшөө болсон байдаг. Ийм өндөр дээд уламжлалтай монгол үндэсний сурын харвааны өв соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Дундговь аймгийн харваачид Үндэсний сурын холбоог үүсгэн байгууллаа.
Дундговь аймагт үндэсний сурын спортоор хичээллэж, улс, аймгийн баяр наадамд цэц мэргэнээ сорьдог гуч гаруй харваачид бий. Түүнчлэн Улаанбаатар хотод аж төрж байгаа тус аймгийн уугуул 120 гаруй харваачид байдаг ажээ.
Тэд бүгд шинээр байгуулсан холбоондоо нэгдэнэ. Тус холбоо нь үндэсний сурын спортыг аймаг орон нутагтаа хөгжүүлэх, харваачдынхаа эрх ашгийг хамгаалж үүсгэл санаачлагыг дэмжин ажиллах ашгийн бус төрийн бус байгууллага байх юм.
Дундговь аймагт Үндэсний сурын спорт 60 гаруй жилийн түүхтэй. 1954 оны улсын баяр наадмаар Дундговь аймагт үндэсний сурын харвааг Б.Самдан хэмээх хүн анх удаа зохион байгуулж байсан бөгөөд тэрбээр анхны тэмцээнд өөрөө түрүүлж, удаад нь хожим Улсын мэргэн харваач болсон А.Амгаабазар шалгарч байсан гэдэг. Эндээс Дундговь аймгийн үндэсний сурын спортын түүхийн хуудас эргэдэг.
Түүнээс хойш 1978 он хүртэл аймгийн мэргэн Б.Самдан, 1978-1996 онд Үндэсний сурын дасгалжуулагч, аймгийн хүндэт мэргэн Д.Жанлав, 1996-2004 онд Үндэсний сурын спортын дэд мастер Т.Шараа нар харваачдаа удирдан зохион байгуулж, улс, аймгийн баяр наадамд цэц сорин, орон нутагтаа сурын спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн байна.
Харин 2004 оноос хойш ямар нэг удирдлага зохион байгуулалт үгүй болж өнөөг хүрсэн бөгөөд харваачдаа нэгтгэсэн, нэгдсэн удирдлага зохион байгуулалттай байгууллага байх нь чухал гэж үзээд залуу харваачдын санаачлагаар ийнхүү Төрийн бус байгууллагыг үүсгэж байгаа нь энэ ажээ.
Холбооны гишүүд анхны хурлаараа мөрдөж ажиллах дүрмээ баталж, холбооны тэргүүнээр аймгийн Засаг дарга О. Бат- Эрдэнийг сонгосон байна. Дэд тэргүүнээр харваач Х. Анхбаяр, нарийн бичгийн даргаар харваач С. Эрхэмбаатар, холбооны тэргүүлэгчээр 8 харваач ажиллана.
Цаашид 15 суманд салбар холбоо байгуулах зорилготой бөгөөд эхнийх нь Говь-Угтаал суманд байгуулагдсан байна.
Т. Отгонтуяа