А.С.Цыденов Буриадыг удирдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-02-08 11:12:15

МОСКВА. /TASS/. Ерөнхийлөгч Владимир Путин Тээврийн яамны орлогч сайд 40 настай Алексей Самбуевич Цыденовыг Буриад улсын тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр томилов. 

Ерөнхийлөгч Кремльд А.Цыденовтай уулзахдаа "Та Тээврийн яаманд төмөр замын салбарыг хариуцаж байсан хүн. Москвад ажиллах хугацаандаа бүс нутагтайгаа холбоотой байсан, тус бүс нутагт тулгамдаж буй асуудлуудыг сайн мэддэг" гэж бодож байгаагаа илэрхийлэв. Цыденовын төрөлх хот болох Петровск-Забайкальский нь Буриадын нийслэл Улаан -Үдээс 200 км-ийн зайд оршдог байна.

Цыденовын ажил мэргэжлийн замнал нь бүхэлдээ төмөр замтай холбоотой ажээ.

1998 онд тэрбээр Алс Дорнодын Зам харилцааны их сургуулийг “төмөр замын тээврийн удирдлага, тээврийн зохион байгуулалт” мэргэжлээр төгссөн байна. 2011 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын Улс ардын аж ахуй, төрийн албаны академид дээд түвшний удирдах боловсон хүчин бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд мэргэжлээ дээшлүүлжээ.

Цыденовын хөдөлмөрийн гараа Алс Дорнодод эхэлжээ. Их сургуулиа төгсөөд “Алс Дорнодын төмөр зам” улсын үйлдвэрийн газарт  нягтлан бодогчоор ажилд орж, гурван жилийн дараа тус үйлдвэрийн газрын маркетинг, гэрээний хэлтсийн дарга болсон байна.

Дараа нь Цыденов хувийн хэвшлийн анхны оператор-компани байгуулагдаж байсан цаг үед цөөн хэдэн жилийн хугацаанд бизнесийн салбарт ажиллаж байв. 2002-2004 онд “Дальнефтетранс” ХХН, 2004-2006 онд “Дальневосточная транспортная группа” НХН-ийн ерөнхий захирлаар ажиллаж байжээ.

2006 оноос Тээврийн яаманд шилжин ажиллаж байгаа юм. 2012 оны 6 дугаар сард ОХУ-ын Тээврийн яамны орлогч сайдаар томилогдсон байна. 

О. Барс


 

Холбоотой мэдээ