Оюутолгой орон нутгаас ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-02-08 13:49:58

Өмнөговь аймгийн удирдлагууд өчигдөр Оюутолгой ХХК-ийнхантай  уулзаж орон нутгаас ажлын байр, ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр аймгийн удирдлагууд тус компанид ханган нийлүүлэлт хийхэд иргэд аж ахуйн нэгжүүдэд тулгамддаг асуудлуудыг танилцуулсан юм. Тухайлбал Улаанбаатар хот болон бусад аймгийн томоохон компаниуд ханган нийлүүлэлт хийдэг, манай аймгийн харъяалалд байдаг хэрнээ орон нутагт үйл ажиллагаа явуулдаггүй, татвар төлдөггүй, нийгэм эдийн засгийн хувьд үр дүн, ямарч эерэг нөлөөгүй компаниуд борлуулалт ханган нийлүүлэлт хийдэг, орон нутгийн компаниудыг үнэ буулгах нэрээр гэрээг цуцалж хамтран ажиллахаас татгалздаг, мэдээлэл ил тод бус, ханган нийлүүлэлтийн төлбөр 45-60 хоногт буюу дэндүү урт хугацаанд хүлээгддэг, сонгон шалгаруулалт шударга бус зэрэг олон бэрхшээл орон нутгийнханд тулгардаг байна.

Уг уулзалтанд ирсэн Оюу толгой ХХК-ийн удирдлагын багийнхан ханган нийлүүлэлт хийж хамтран ажиллахад тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээ энэ үеэр хэллээ. 2015 оноос хэрэгжиж эхэлсэн шинэчилсэн журмын дагуу орон нутгийн буюу Өмнөговь аймгийн бизнес эрхлэгчдэд ханган нийлүүлэлтийн төлбөрийг 10 хоногт багтаан шилжүүлэх давуу эрхийг олгодог болсон гэнэ. Цаашид аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраар дамжуулан иргэдийг ажилд авч төрийн оролцоог нэмэгдүүлэх нөгөө талаараа орон нутгийн иргэдийг ажлын байранд зуучлах хамтын ажиллагааг сайжруулах хэрэгтэйг аймгийн удирдлагууд хэллээ. Мөн зохиомол шилжилт хөдөлгөөнийг багасгах, Өмнөговийн иргэдийг ажилд авах гэсэн шаардлагыг хангахын тулд аль нэг компани ажилчдаа Ханбогд, Цогтцэций зэрэг сум руу шилжүүлэх асуудлыг цэгцлэх, Булган, Сэврэй гэх мэт уул уурхайгүй сумдаас ханган нийлүүлэлт хийх боломжийг бүрдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллах нэн тэргүүний шаардлага байгаа ч уламжилсан байна.

Уулзалтын үр дүнд ханган нийлүүлэлт, ажлын байрыг нэмэгдүүлж хамтын ажиллагааг сайжруулахын тулд аймаг сумын удирдлагууд болон Оюу толгой ХХК-ийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулахаар боллоо.

"Ханган нийлүүлэлтийн үйл ажиллагааг хариуцсан 2 талын ажлын хэсэг байгуулагдахаар боллоо. Оны өмнө хүний нөөцийн чиглэлээр 2 талын ажлын хэсэг байгуулагдаад ажилдаа орсон. Цаашид манай аймагт идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа 13 уурхайн компани тус бүртэй Хамтын ажиллагааны гэрээ байгуулна. Орон нутгаас ажлын байранд, орон нутгаас ханган нийлүүлэлт, орон нутагт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна" гэж аймгийн Засаг дарга Н.Наранбаатар хэллээ.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ