Алтанбулаг, Жавхлант сумынхан хийсэн бүтээснээ тайлагналаа

Орон нутагт | Сэлэнгэ
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 16:25:28

Суманд үйлдвэрлэгдэж байгаа бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, худалдан борлуулж шинэ зах зээл олох боломжийг нээх, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор Сэлэнгэ аймгаас зохион байгуулдаг "Соёл-эдийн засгийн өдөр"-үүд үргэлжилсээр байна. Энэ удаад хувьсгалын өлгий Алтанбулаг, аймгийн хамгийн отгон сум болох Жавхлант сумдын “Соёл эдийн засгийн өдөр”-үүд аймгийн төв Сүхбаатар хотод боллоо. 

Тус арга хэмжээний үеэр Аймгийн Засаг дарга С.Бүрэнбат:-“Сэлэнгэ аймгийн сумдууд аймаг дээрээ “Соёл-эдийн засгийн өдөр” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлал тогтлоо. Энэ ажил Засаг даргын мөрийн хөтөлбөрт байгаа. Үндсэн гол санаа нь жижиг дунд үйлдвэрлэгчид баялаг бүтээгчдийнхээ хийж бүтээснийг сурталчлан борлуулах, нөгөө талаас сум орон нутгийн ардын авъяастнууд, хүүхэд багачуудын авъяас чадварыг харуулсан урлагийн тоглолт болон бусад байгууллагуудыг танилцуулах юм. Ер нь тухайн суманд ямар бахархалт зүйл байна тэр бүгдийг үзүүлж харуулах ийм арга хэмжээ. Хамгийн гол зорилго нь жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг зах зээл дээр гаргахад оршиж байга юм. Өнөөдөр Алтанбулаг, Жавхлант сум өөрсдийгөө сурталчилж, ард иргэд маань бараа бүтээгдэхүүнийг нь худалдан авч байна. Энэ арга хэмжээ 10-р сарын 29-ний өдөр Сайхан, Хушаат сумдаар үргэлжилнэ” гэлээ.

Мөн Жавхлант сумын Засаг дарга С.Нямсүрэн:-“Өнөөдөр аймгийн төвд зохион байгуулагдаж байгаа “Соёл-эдийн засгийн өдөр” арга хэмжээнд манай малчид, тариаланчид, ногоочид, төрийн үйлчилгээний байгууллагын ажилтнууд, урлаг, спортын авъяастнууд гээд нийтдээ 120 гаруй хүн оролцож байна. Манай сум харьцангуй залуухан сум. Одоо 40 гаруй жил болж байгаа хэдий ч хийж бүтээсэн бүхнээ танилцуулахад таатай байна. Энэ хугацаанд манай сумаас Монгол Улсын гавъяат механикжуулагч нэг, улсын тэргүүний тариаланч хамт олон гурав, улсын аварга тариаланч 10, улсын сайн малчин 5, усын харцага цолтон нэг, аймгийн ажил мэргэжлийн аваргууд 20 гаруй төрөн гарсныг харахад Жавхлантчууд энэ хугацаанд ихийг бүтээж, улс орон даяар алдаршиж яваа нь харагдаж байгаа юм. 2015 онд л гэхэд манай сумаас улсын сайн малчин хоёр төрөн гарлаа. Манай мал аж ахуйн үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд амжилттай хөгжиж, эрчимжиж, хийж бүтээсэн ололт амжилт нь улсын хэмжээнд явж байгаа гэдэг нь эндээс харагдана. Өнөөдөр ч гэсэн энэ үзэсгэлэн худалдаанд манай мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн нэр төрөл олонтой, орчин үеийн зах зээлийн жишигт нийцсэн хэмжээнд бэлтгэгдэн савлагдаж борлуулагдаж байгаад таатай байна” хэмээн ярилаа.

Мөн уг арга хэмжээнд оролцсон Алтанбулаг сумын 2-р багийн иргэн Д.Нямдулам “Сэлэнгэчүүдийн түүхэнд ул мөрөө үлдээж, дурсамж болон үлдсэн олон арван ажил арга хэмжээний нэг нь соц нийгмийн үед аймаг, сумдын соёл урлагийн өдрүүдийг зохион байгуулж, урлаг соёлоор өргөн олондоо үйлчилдэг байсан ажил юм. Энэ ажил арга хэмжээг хөгжлийн өнөөгийн шинэ утга агуулгад нийцүүлэн баяжуулж сэргээх зорилгыг аймгийн Засаг дарга бүрэн эрхийн хугацааны бодлого үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж, өнгөрсөн оноос сумдын соёл эдийн засгийн өдрүүдийг зохион байгуулж эхэлсэнд би туйлын баяртай байна” гэлээ.

Энэ өдөр хоёр сумын баялаг бүтээгчид хүнсний ногоо, сүү сүүн бүтээгдэхүүн, даршилсан ногоо, гар урлалын бүтээгдэхүүн, талх нарийн боов, жимсний болон модны суулгац зэргийг өргөн сонголттойгоор худалдаалж байлаа.

Аймгийн төв Сүхбаатар хотноо зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд өнгөрсөн жил Баруунбүрэн, Шаамар, Зүүнбүрэн, Цагаануур, Түшиг, Ерөө сумд амжилттай оролцсон юм. Харин энэ онд сумдын “Соёл-эдийн засгийн өдөр”-ийг аймгийн төв Сүхбаатар, мөн Хүдэр сум зохион байгуулсан бол энэ сарын 15-ны өдөр Алтанбулаг, Жавхлант сумдаар үргэлжлэн зохион байгуулагдлаа. 

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ