Эрх үүрэг хариуцлагыг чангатгасан гэрээгээр иргэддээ чиглэсэн төрийн үйлчилгээг нээлттэй болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-02-14 18:34:35

Завханы  Засаг дарга Д.Батсайхан 24 сумын Засаг дарга болон албан байгууллагын дарга, эрхлэгч нартай 2017 онд хамтран ажиллах гэрээг байгууллаа.

Энэхүү гэрээ нь сумын Засаг дарга, албан байгууллагын удирдлагууд төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх, төсвийн удирдлагын зарчмыг хэрэгжүүлэхэд аймгийн Засаг дарга, сум, албан байгууллагын дарга нарын харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгох. Жилийн ажлын эцсийн үр дүнг үнэлж дүгнэн орон нутгийн төсвийн санхүүжилт, тусгай зориулалтын шилжүүлгийн орлогоор үзүүлэх төрийн ба нийтлэг үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх зорилготой ажээ.

Гэрээнд гарын үсэг зурах үеэр аймгийн Засаг дарга Д.Батсайхан:-“Өнөөдрийн дарга удирдлагуудтай байгуулж буй үр дүнгийн гэрээний төслийг боловсруулахдаа аймгийн ЗДТГ шат дараатай хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж бэлтгэл ажлыг сайн хийсэн. Тийм учраас амьдралд ойр, ард түмэнд өгөөжөө өгөх гэрээ болсон” гэв.  Дашрамд төрийн аль ч шатны үйлчилгээг хүлээн авагч нь ард түмэн байдаг. Тиймээс сумын Засаг дарга, албан байгууллагын дарга нартай байгуулдаг үр дүнгийн гэрээг аймгийн Засаг дарга үнэлдэг байсан тогтолцоог өөрчилж энэ жилээс эхлэн ард түмний үнэлгээн дээр суурилж дүгнэдэг байхаар  тусгаж өгчээ.

Мөн энэ жилийн гэрээг эрх, үүрэг, хариуцлага гурав дээр тулгуурлан баталгаажуулж байгаагаараа онцлогтой юм. Ялангуяа хариуцлагыг нэлээн чангатгасан байна. Үр дүнд нь иргэддээ чиглэсэн төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй, хүнд сурталгүй хүргэх ажээ.

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ