Эрчим хүчээр хангах ажил удааширчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Мандах сум байнгын эрчим хүчинд холбогдоогүй. Оюутолгойгоос “МАК” ХХК-ийн эзэмшилд буй тус сумын Цагаан суваргын зэсийн орд хүртэл тавьж буй 160 орчим км агаарын эрчим хүчний шугамын ажлыг “МАК” ХХК бусад гүйцэтгэгч компанийн хамт хэрэгжүүлж байна.
Дээрх ажлыг шуурхай гүйцэтгэж төвийн эрчим хүчинд холбох үүргийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнбат ажил хариуцсан хүмүүст өгсөн. Цахилгаан эрчим хүчээр хангах ажил ямархуу гүйцэтгэлтэй байгааг тус сумын Засаг дарга Н.Отгонбаяраас тодруулахад “Монгол Улсын Ерөнхий сайд энэ оны өмнөхөн Мандах суманд ажиллахдаа эрчим хүчний төвлөрсөн шугамд холбох ажлыг ажил хариуцсан хүмүүст даалгасан. Харин энэ ажил удааширч хавартай золгохоор болж байна. Компанийн хувьд хичээж ажиллаж байгаа ч хамтран гүйцэтгэгч компаниудын хэлцэл, туслан гүйцэтгэгч байгууллагуудын хоорондын яриа хэлэлцээр, бусад шалтгааны улмаас ажил сунжирч байна.
Өнөөдрийн хувьд манай сум “Багануур зүүн өмнө бүсийн ЦТС” компанийн үйлчилгээний дагуу оройн 06.00 цагаас үдшийн 22.00 цаг хүртэл дизелээр цахилгаан түгээж байгаа. “МАК” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 10 сая төгрөгийг дизель асаахад зориулж хандивласан. Энэ хөрөнгөөр нэг сар гаруй хугацаанд дизел асаах боломжтой ” гэлээ.
Х.Эрдэнэбулган