Цусны төвийн нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-02-15 18:06:33

УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр Увс аймагт ажиллах үеэрээ Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр байгуулагдсан цусны төвийн нээлтэнд оролцлоо.

Хуучин цусны төвийг шинэчлэн 361 сая төгрөгийн тоног төхөөрөмж суурилуулж, 51 сая төгрөгөөр барилга засварын ажил хийжээ. Энэхүү цусны төвийг байгуулснаар Увс аймгийн 81 мянга гаруй иргэнийг найдвартай цусан бүтээгдэхүүнээр хангах боломж бүрдсэн байна. Нээлтийн үеэр УИХ-ын дарга М.Энхболд Азийн хөгжлийн банкны хамт олонд талархал илэрхийлсэнээс гадна аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олонд ажлын амжилт хүслээ.

“Увс аймаг орон нутагтаа цус, цусан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, хадгалах өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаад байна. Ялангуяа цусан бүтээгдэхүүнийг хөлдөөж хадгалах өндөр хүчин чадалтай хоёр том хөргөгчийг суурилуулжээ. Ингэснээр цусан бүтээгдэхүүнийг доод тал нь 6 сар, дээд тал нь 5 жилийн хугацаанд хадгалах боломжтой байна” хэмээн УИХ-ын дарга онцлон хэллээ.   

Цус, цусан бүтээгдэхүүний хүрэлцээ хангамжийг сайжруулах зорилгоор Азийн хөгжлийн банкнаас Улаанбаатар хотын цусны төвд 8,7 тэрбум төгрөг, орон нутагт 10,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа аж. Цусан бүтээгдэхүүний хүрэлцээ сайжирснаар хүн амын нас баралтыг удаашруулах ач холбогдолтой хэмээн эмч мэргэжилтнүүд онцолж байв.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ