Сумынхаа ард иргэдэд бүжгэн жүжиг үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-02-16 23:53:14

Дундговь аймгийн Өлзийт сумын Соёлын төвийн хамт олон “Хөмөргөн гурвалжин” хэмээх бүжгэн жүжгийг CD бичлэгээр ард иргэддээ үзүүлсэн байна. Энэ бүжгэн жүжгийг Өлзийт сумын нутагт хадгалагдаж буй хадан зургийн судалгаанд тулгуурлан бүтээсэн бөгөөд урлагийн бүтээлээр дамжуулан өөрийн нь нутагт буй түүх соёлын дурсгалын үнэ цэнийг ард иргэдэд танин мэдүүлэх зорилгоор энэ үйл ажиллагааг зохион байгуулсан гэж Соёлын төвийн эрхлэгч Ц. Хадхүү ярьсан юм.

Гучин хоёр хүн хөшөөт хэмээн нутгийн ард түмний нэрлэдэг Хүрлийн үеийн дөрвөлжин булш Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь Дэл уулын Элст хөтөл хэмээх газар оршдог. Үүнийг Монгол орон дахь дөрвөлжин булшны онцгой нэгэн төрөл хэмээн судлаачид тодорхойлсон байдаг бөгөөд  булшны толгойн талын босоо хавтгай чулууны дээд ирмэгт хөтлөлцөн бүжиглэж байгаа гучин хоёр хүнийг цувраа байдлаар дүрсэлсэнээс үүдэн “Гучин хоёр хүн хөшөөт” хэмээн нутгийнхан нэрлэж ирсэн байна.

Энэ дурсгалын судалгаанд үндэслэн “Хөмөргөн гурвалжин” этно бүжгэн жүжгийг бүтээсэн бөгөөд бүжгэн жүжгийн цомнолыг Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн С. Дулам туурвиж, ерөнхий найруулагчаар бүжиг дэглээч МУСТА Д. Энхгэрэл ажиллан, хөгжмийг МУСТА Д. Ариунболд зохиосон ажээ.

Эртний өвөг дээдсийн гэрээсийг тайлж, урнаар сэтгэмжлэн бүтээсэн орчин үеийн энэхүү бүтээлийг цаашид ч нутгийн ард иргэддээ сурталчлан таниулж, урлагаар дамжуулан түүх соёлын дурсгалаа хайрлан хамгаалах, түүгээр бахархах сэдлийг төрүүлнэ гэж Соёлын төвийн эрхлэгч сонирхуулсан юм.

Т. Отгонтуяа 

 

Холбоотой мэдээ