1000 ажлын байр бий болгох зорилт биелэх дөхөж байна

ОРОН НУТАГТ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-10-20 12:28:17

Статистик мэдээ

Энэ онд Увс аймаг 1000 ажлын байр шинээр бий болгох зорилттойгоос одоогоор 902 шинэ ажлын байр бий болгож зорилтын биелэлт 90.2 хувьтай байна.

 Шинэ ажлын байранд орсон хүмүүсийн 1.4 хувь нь менежер, 3 хувь нь мэргэжилтэн, 4.8 хувь нь техникч болон туслах, 10.6 хувь нь контор, үйлчилгээний ажилтан, 16.5 хувь нь үйлдвэрлэл, барилга, гар урлалын ажилтан, 13.1 хувь нь машин механизмын операторч, угсрагч, 12 хувь нь энгийн мэргэжлээр ажилд орсон байна. Тэрчлэн 6.8 хувь нь хөдөө аж ахуй, ойн аж ахуй, 30.3 хувь нь худалдааны салбарт ажиллаж байгаа аж.

“Ямартай ч 1000 шинэ ажлын байр гаргах зорилт энэ ондоо амжаад бүрэн хэрэгжих юм байна” хэмээн аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Н.Батбаяр онцоллоо.

Нийгмийн даатгалын сангийн төлөвлөгөө тасарч байна

Увс аймаг Нийгмийн даатгалын санд шимтгэлээр 11,1 тэрбум төгрөг оруулахаас 9,7 тэрбум төгрөг оруулж төлөвлөгөөг 13,2 хувиар тасалсан байна.

Үүнээс тэтгэврийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөө 11,7 хувиар, эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөө 17,7 хувиар, ажилгүйдлийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөө 16,2 хувиар, тэтгэмжийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөө 14,2, ҮОМШӨ сангийн орлогын төлөвлөгөө 9 хувиар тус тус тасарчээ.

Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийн орлогын төлөвлөгөөг Бөхмөрөн, Зүүнхангай, Малчин, Өмнөговь, Өлгий, Сагил сум 0.1-6,8 хувиар давуулан биелүүлсэн бол бусад сумд 0.1-20 хувиар тасалсан байна.

“Аймгийн Нийгмийн даатгалын сан 284 сая төгрөгийн авлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 71,4 сая төгрөгөөр өссөн дүнтэй байна. Нийт авлагын 28,7 хувийг төсөвт байгууллагын өглөг эзэлж байгаа” хэмээн аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ч.Даваадорж манайд мэдээллээ.

Нялхсын эндэгдэл 28 гарчээ

   Увс аймгийн хэмжээнд 2015 оны эхний 9 сарын байдлаар нэг хүртэлх насандаа 28 хүүхэд эндээд байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 5 хүүхдээр буурчээ. Харин 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 5 гарсан нь ноднингийн мөн үеэс 3 хүүхдээр бага байна. Аймгийн хэмжээнд жирэмслэлт болон төрөлтийн улмаас эхийн эндэгдэл гараагүй байна.

 Нялхсын эндэгдэл Зүүнговь, Өндөрхангай, Тариалан суманд тус бүр хоёр, Түргэн, Тэс, Ховд, Зүүнхангай, Наранбулаг суманд тус бүр нэг, Улаангомд 17 тохиолдол гарсан бол бусад сумдад гараагүй байна. Харин 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин Түргэн, Зүүнговь, Бөхмөрөн, Наранбулаг, Зүүнхангай, Тэс, Ховд, Өндөрхангай, Тариалан, Баруунтуруун, Улаангом сумдад аймгийн дунджаас өндөр, харин бусад сумдад гараагүй аж.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ